Тус музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Цэргийн түүхийн арвин баялаг дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд үзүүлэх, сурталчлах, үүрэг зорилго бүхий соёл, шинжлэх ухааны байгууллага юм.

ЭРХЭМ  ЗОРИЛГО

Монгол төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавъяа байгуулсан үе үеийн эрэлхэг хөвгүүдийн тэмцлийн яндашгүй түүхийг ард иргэдэд таниулах, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн хайгуул судалгаа хийж, сурвалжлан олох, хадгалж хамгаалах, судлах, дэглэн үзүүлэх, Монголын төрийн батлан хамгаалах бодлого шийдвэрийг сурталчлан таниулахад оршино.

ЗОРИЛТ:

  • Эрдэм шинжилгээний ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх
  • “Суралцагч байгууллага” болж, музейн үзүүллэг сурталчилгааны ажил, үзвэр үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
  • “Музей нүүж явна” хөтөлбөр, гадаад харилцааг өргөжүүлэх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдлэн, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг чанаржуулан, үйлчилгээг тогтмолжуулах
  • Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” зорилтын хүрээнд “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Музей дурсамж, эх оронч үзлийг дээдлэх” уриаг дээдлэн, боловсролын ажлыг зохион байгуулах, ЕБСургуулийн сурагчид, иргэдийг өргөнөөр хамруулах

ХҮРЭХ ҮР ДҮН:

Монгол цэргийн музейн үзүүллэг, үзэсгэлэн, тэдгээрийн үйл ажиллагаанд чанарын ахиц гарснаар эд өлгийн зүйлсийг үзүүллэгийн эргэлтэд оруулж, гадаад харилцааг бэхжүүлж, Монгол цэргийн баатарлаг дайчин уламжлалыг хүүхэд залуучуудад таниулж, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрлөхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин билээ.

Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд танин мэдүүлэх, сурталчилах, цаашид судлан шинжлэх үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ ны сайд, БЦЖ маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачилан тухайн үед тушаал шийдвэр гаргаж байсан хэдий ч тэр нь бодит ажил болж хэрэгжээгүй байна. Иймээс 1966 онд МАА–ийн музей байгуулах шийдвэр гарснаар /МАХН-ын ТХ–ны УТТ–ны 2 тоот тогтоол/ цэргийн музей байгуулагдах ажил эхэлж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

1987 онд СнЗ –ийн “Монгол Ардын Армийн цогцолбор байгуулах тухай тогтоол гарснаар өнөөгийн Монгол Цэргийн Музей байгуулагдах эхлэл тавигджээ. Дээрх шийдвэрийн дагуу БХ ын сайдын 1987.02.13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан юм.

МАА музей анх Офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1991 оны 10 сарын 02-ний өдөр БНМАУ-ын БХЯ, Засгийн Газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны хамтарсан тушаалаар Монголын Ардын армийн Музейг “Монгол Цэргийн Музей“ хэмээн нэрлэж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан байна.

Монгол Цэргийн Музейн барилгын ажлыг Ардын армийн 022 р, 158–р ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 сарын 15–нд Монгол Цэргийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа болж анхныхаа үзэгчдийг хүлээн авсан түүхтэй.
Манай музей нь захиргаа-аж ахуйн, музейн мэргэжлийн алба, /эрдэм шинжилгээ- үзүүллэг сурталчилгаа, сан хөмрөг тоо бүртгэл/ гэсэн бүтэцтэй. Тус музей нь 800 м2 бүхий талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэсэн, үзүүллэгийн “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн”, “Маршал” хүндэтгэлийн гэсэн гурван танхимтай төрөлжсөн, 12 сан хөмрөгт цэргийн түүхийн холбогдол бүхий 9000 гаруй эд өлгийн зүйлс хадгалагддаг, Мөн үзүүллэгийн гурван танхимтай Г.К.ЖУКОВЫН ГЭР МУЗЕЙ гэсэн харъяа салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна..

Үзмэрийн “ЭРТНИЙ ТҮҮХИЙН” танхимд хуучин чулуун зэвсгийн дээд шатнаас Манжийн эрхшээлийн үе хүртэлх цэргийн түүхийг харуулсан бөгөөд МЭӨ IX - VII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, олон зууны туршид чанаржин хөгжиж ирсэн төрөл бүрийн зориулалтын сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслэлүүд, 13 зууны үеийн чонын сийлбэртэй хотгор илд, 1372 оны хүрэл галт буу зэрэг эртний ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн.

         

Үзмэрийн “ШИНЭ ТҮҮХИЙН” танхимд 1911 оноос өнөөг хүртэл Монголын Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн түүхэн замнал, армийн зэвсэглэлд хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, дэлхийн 2-р дайны нэг хэсэг болох 1939 оны Халхын голын болон 1945 оны чөлөөлөх дайны үйл явдлыг харуулсан нэн ховор гэрэл зургууд, түүхэн биет үзмэр, мөнхийн гавьяат баатруудын хөрөг, эд зүйлс, Монгол улсад генерал цол олгож эхэлсэн тухай, үе үеийн генералуудын хэрэглэж байсан эд зүйлийг дэлгэн үзүүлсэн билээ.

         МАРШАЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМ

         

ГАДНА ТАЛБАЙН ҮЗМЭРҮҮД

         

Г.К. ЖУКОВЫН ГЭР МУЗЕЙ

ЗХУ-ын 4 удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалд зориулсан гэр музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачлага, дэмжлэгээр Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 08-р сарын 19-ний өдөр анх нээсэн юм.

Уг музейг Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 09-р сараас 1940 оны 05-р сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харъяа биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харъяалалд шилжүүлсэн юм.

Харъяа музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан бөгөөд уг музейг 1981 онд Англи улсаас олон улсын катологт оруулсан ба тус музей нь аль ч улс оронд байдгүйгээрээ онцлогтой юм.

         

ТҮҮХ СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛУУД

Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “13 дугаар зууны үеийн Монгол цэргийн хотгор илд” Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.

Мөн манай музейн сан хөмрөгт Брэнд үзмэрүүд болох Монгол цэргийн хүрэл дуулга, хүрэл галт буу, ялтсан хуяг, БНМАУ-ын маршал сэлэм, ЗХУ-ын зураач Ю.М.Непринцевийн “Тулалдааны дараахи амсхийлт” уран зураг зэрэг үнэт үзмэрүүд хадгалагдаж, үзэгч түмний хүртээл болж байна.

МАНАЙ МУЗЕЙН БАХАРХАЛ

  • Музейн захирлаар ажиллаж байсан Б.Равсал /УГЗ/, Н.Чулуунхүү /МУГЖ/, зураачаар ажиллаж байсан Г.Одон /Төрийн соёрхолт, Ардын зураач/, Ч.Батмөнх /УГЗ/, Б.Дашням /Буриад Улсын УГЗ/ нараар бахархдаг.
  • Манай хамт олны дунд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан 6 хүн ажиллаж байна.
  • 2012 онд интерьерийн зураач Т.Баттулга ажил үйлсээрээ “БХЯ-ны тэргүүний ажилтан”-аар шалгарсан.
  • 2013 он Монгол цэргийн музей БХЯ-ны “шинийг санаачлагч байгууллага”-аар шалгарсан.

ҮЗЭСГЭЛЭНГҮҮД

          

“МУЗЕЙ НҮҮЖ ЯВНА” хөтөлбөр

2011 оноос эхлэн “Музей нүүж явна” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алслагдсан орон нутагт алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдэд болон гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчдад Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, соёлын бодлогыг музейн үзүүллэгээр үзэгч олонд хүргэж байна.

     

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД

Музейн үзүүллэг сурталчилгаа, үйлчилгээг тасралтгүй явуулах, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд БХЯ, ССАЖЯ-дын сайдын тушаал, ЗХЖШ-ын даргын тушаал, удирдамж, заавруудыг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хот, дүүргээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байна.

     

ГАДААД ХАРИЛЦАА

  • ОХУ-ын Ангарск хотын Ялалтын музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар тохиролцсон.
  • ОСШУТ болон ”Эх орны дайчид” ТББ-тай хамтран ажиллаж байна.
  • ЕСХ-менежер дэд хурандаа Л.Гантөмөр Бразил Улсад зохион байгуулагдсан ICOM-ийн хуралд оролцсон.
  • МУ-д суугаа Турк, ОХУ, АНУ, Энэтхэг Улсын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН ТУГ ЛОГО ТЭМДЭГ

     

Байгууллагын тэмдэгийг 2011 онд оюуны өмчийн газраар батлуулж Монгол улсын барааны тэмдэгтийн 9219 тоот гэрчилгааг эзэмшиж байна.

МУЗЕЙН ЦАГИЙН ХУВААРЬ:

Долоо хоногийн мягмар гарагаас бусад гаргуудад 09:00-16:30 цаг хүртэл ажиллана. Мягмар гарагт музейн эрдэм шинжилгээ судалгаа, сэргэн засварлалт, үзүүлэг дэглэлтийн ажилууд хийгдэнэ.

ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн - 3000
Оюутан - 1000
Хүүхэд- 500
Гэрэл зураг ба видео бичлэг хийх боломжтой үүнд
Сонирхогч: Гэрэл зураг- 10,000
Дүрс бичлэг-15.000

Монгол Улс. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2
Утас: (51)261782, 263843
Факс: (976)454292
Цахим хуудас: www.militarymuseum.mn
www.facebook.com/MongolianMilitaryMuseum