Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
”ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ МУЗЕЙ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2014 оны 05 сарын 22 | enkhtuvshin
   

Хувь тавилан хатуурхаж, тэднээс харах мэлмий, дуурсах сонсгол, эрхтэн юүг нь булаасан ч хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх тэдний амьдралд тэмүүлэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужил, авьяас чадварыг нь салгаж харин чадаагүй юм. Тэд хэнээс ч илүүгээр гутал хувцсаа урлаж, чимэг зүүлт хэлхэж, мод чулуу дархалж, урлагийн бүтээл хүртэл хийснээ дэлгэсэн нь энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэгсдийн нүдийг баясгаж, эрхгүй тэднээр бахархах сэтгэлийг төрүүлж байна.

Монгол оронд орчин цагийн музей үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаагаараа хэдий нь олны танил болоод амжсан Монгол цэргийн музейгээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болох нь” өдөрлөгийг ийнхүү өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол цэргийн музейн үзүүллэгийн танхимуудын танилцуулга, үзмэр, эд өлгийн тайлбарыг брайль үсгээр хийж байрлуулснаа харааны бэрхшээлтэй иргэдэд, Сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн сургалт сурталчилгааны төвийн дохионы хэлний хэлмэрч орчуулагч багш нар, 29 дүгээр тусгай сургууль болон “Дуулга” студитэй хамтран музейн танилцуулга, тайлбарыг мөн дохионы хэлээр орчуулан байршуулсанаа сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд танилцуулж, тэдэнд музейн үзмэр, цаашлаад соёл урлаг, үзмэр үзвэрийн үйлчилгээ авах бүрэн боломж байгааг мэдрүүлсэн юм.

Өмнө нь Монгол цэргийн музейгээс Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан, ”Дайчин түүхээр аялахуй” боловсролын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаа сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг мөн үйлчилгээндээ ийнхүү хамрууллаа. Энэхүү хүмүүнлэг ажлын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж нийгмийн аливаа арга хэмжээнээс хоцорч, сэтгэл гундуухан байдаг иргэд, хүүхэд багачууд маань музейн үзмэр эд өлгийг судлан, Монгол төр, цэргийн түүхээр аялах боломж нээгдэж байгаа юм. Бусад урлаг соёлын байгууллагууд ч энэ бүхнээс санаа авч, тэдэнд чиглэсэн арга хэмжээ зохиох нь дамжиггүй ээ.

Өдөрлөгийн үеэр Сэргээн засах хөгжлийн үндэсний төв болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн музейн үзмэр эд, өлгийг хэрхэн мэдэрсэнээ илэрхийлсэн бүтээлийн бичил үзэсгэлэн дэлгэсэн юм.
Мөн хүрэлцэн ирсэн иргэдэд БХХСАХНЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж, сэтгэл зүйч эмч нар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.

ЦДБЭЧуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд СЗХҮТ-ийн хүүхэд багачууд ч шаггүй авьяаслаг болохоо харуулаад авав. Ирээдүйн офицерууд болох “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлэх тоглолт өдөрлөгийн арга хэмжээнд сүр жавхаа нэмлээ.

Өдөрлөгийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Сэргээн засах хөгжлийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, параолимпийн аварга Д.Баатаржав нарын Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5386997
Өнөөдөр зочилсон 1293
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.