Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
᠌᠌᠌\"Хааны эрэлд-2019\" эхэллээ
2019 оны 06 сарын 21 | enkhtuvshin
   

Энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдах ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, оролцогч орнуудын энхийг сахиулагчдын гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах зорилготой "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль Монгол Улсад 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар оролцсон юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ "Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талын ач холбогдолтой юм. Уламжлалт олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Энэ жилийн "Хааны эрэлд" сургуульд дэлхийн 38 орны 1700 цэргийн алба хаагч бригад, батальоны түвшний команд штабын сургууль болон АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын хээрийн сургууль, олон улсын салаадуудын хээрийн сургууль зэрэгт хамрагдаж байна.

Soyombo сонин-н зураг.

ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг хурандаа Вэйн Бодине гэдэг. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын Хамтын ажиллагааны хэлтэст ажилладаг. Тэнгисийн явган цэрэгт 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн олон улс оронд "Хааны эрэлд" сургуультай ижил төстэй сургалт, бэлтгэлд удирдагч, ажиглагч, оролцогчийн статустай хамрагдаж байлаа. "Хааны эрэлд-2019" сургуульд оролцож байгаадаа сэтгэгдэл өндөр байна.
"Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль ижил төстэй бусад сургуультай харьцуулахад нэр хүнд, цар хүрээгээрээ ямар түвшинд байгаа вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал 17 дахь удаагаа "Хааны эрэлд" сургуулийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цар хүрээгээ улам тэлж, сайн дураараа оролцох улс орны тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчдад ажиллагааны газар оронд шаардагдах мэдлэг, дадлага, чадварыг олгохоос гадна цэргийн нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж байгаагаараа сургалтын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байна.
Түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчдыг сургуульд хамруулж байгаа нь НҮБ болон олон улсын цэргийн ажиллагаанд эрчүүдийн гүйцэтгэж үл болох үүргүүдийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Энхийг дэмжих ажиллагаа нь шашин шүтлэг, ёс заншил зэргээс шалтгаалан тогтсон дүрмийн дагуу бүх үйл ажиллагааг зохион байгуулж болдоггүй. Иймээс зарим ажиллагаанд заавал бэлтгэгдсэн эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү шаардлагатай уялдуулан эмэгтэй энхийг сахиулагчдыг "Хааны эрэлд" сургууль бэлтгэдэг нь бас нэг онцлог юм.
Сургуулийн зорилгыг биелүүлэхийн тулд юун дээр анхаарах учиртай вэ?
-АНУ-ын хувьд "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулиар энхийг сахиулагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлж, дадлага хэлбэрээр сургалтаа явуулахыг үндсэн зорилго, чиглэлээ болгосоор байна. Мөн сургуульд оролцогч улс орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь АНУ-ын баримтлах бодлогын чухал зорилтуудын нэг юм.
АНУ-ын Цэргийн командлалыг төлөөлж байгаа сургуулийн удирдагчийн хувьд оролцогч орнуудын цэргийн алба хаагчдад мэдлэг, чадвар олгохоос гадна хамтын ажиллагааг нь өргөжүүлэх талаар анхаарч ажиллана. Тэгснээр илүү эерэг харилцааг бүрдүүлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх чадвартай болно.
Цаашид энэхүү сургуулийн зохион байгуулалтыг сайжруулах талаар таны бодол юу вэ?
-Жил бүрийн сургуулийг зохион байгуулахаас өмнө хэд хэдэн удаагийн төлөвлөлтийн хурлыг зохион байгуулж явуулдаг. Тэрхүү хурлаар сургалтыг зохион байгуулж явуулах хэлбэрүүд, газар орон, ашиглагдах техник хэрэгсэл зэргийг нарийн ярилцаж, нэгдсэн байр сууринд хүрдэг. Бидний тавьсан шаардлага, сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Монгол Улсын Зэвсэгт хүчин онцгой анхаарч байгаад талархал илэрхийлье.
ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ ДАДЛАГААР БАТАЛГААЖУУЛНА
"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдаж байгаа АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын түвшний сургууль гурав дахь жилдээ амжилттай явагдаж байна. Энэ удаагийн хамтарсан ротын сургуульд оролцогчид одоогоор онолын сургалтандаа хамрагдаж, ажиллагааны газар оронд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшиж байна. Тун удахгүй команд-штабын сургуульд оролцож байгаа батальоны штабаас өгөгдсөн цагийн байдлууд дээр НҮБ-ын Тогтсон ажиллагааны журам, Хүч хэрэглэх дүрмийн дагуу ажиллагаагаа зохион байгуулж, онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулна.
Хоёр улсын хамтарсан ротын сургууль анх явагдсан цагаасаа эхлэн БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ротын бие бүрэлдэхүүнийг тус сургуульд оролцуулсаар ирсэн. Учир нь тэднийг ажиллагааны арга, техникт сургахад анхаарч, бие даан үүрэг гүйцэтгэхэд дээд штабтайгаа харилцан ажиллагааг зохион байгуулах, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах, ротын түвшинд шийдвэр гаргахад удирдлагын бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулдаг онцлогтой.
Энэ удаагийн ротын сургуульд оролцож байгаа Америк, Монголын цэргийн алба хаагчид газар зүйн баримжаалал олох, цагийн байдлыг бодит нөхцөлд ойртуулах үүднээс гарын доорх материалыг ашиглан зургаан төрлийн макетыг хийсэн нь өгөгдсөн цагийн байдлуудыг урьдчилан төлөвлөх, зохион байгуулахад илүү дөхөм болжээ.
АНУ-ын цэргийн цагдаагийн ротын захирагч ДРЭВ ХАРРИС:
-Бид Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Цэргийн командлалын бүс нутгийн улс, орнуудтай хамтран зохион байгуулдаг ижил төрлийн сургуулиудад тогтмол оролцдог. Тиймээс манай цэргийн алба хаагчид нэлээд туршлагатай гэж хэлж болно.
"Хааны эрэлд" сургуулийн хувьд цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаа болон хүмүүнлэгийн үйлсийн талаар илүү ихийг мэдэж авах боломжтой. Бид ихэнхдээ Ирак, Афганистан зэрэг улсад үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхдээ хүмүүнлэг, энхийн гэхээсээ илүүтэй байлдааны ажиллагаа явуулдаг. Энэ нь энхийг сахиулах ажиллагааны бодлогоос тэс өөр юм. Энэ сургалт бидэнд байлдааны ажиллагаа явуулдаг тогтсон ойлголтоос өөрөөр сэтгэж, суралцах боломжийг олгож байна.

НЭГ БРИГАД, ГУРВАН БАТАЛЬОНЫ ШТАБ ОРОЛЦОЖ БАЙНА
"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд-штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын түвшний хээрийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэстний нэгдүгээр бригадын штаб, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэг батальоны штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн болон Үндэсний гвардын батальоны штаб оролцож байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний штаб төдийгүй секторын штабт бие даан үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг болон Монгол Улсын Зэвсэгт хүчнээс БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны штабт үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах зорилготой юм.
Энэ жилийн команд штабын сургуулийг Монголын талын удирдагч, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, хурандаа Н.Алтангэрэл удирдаж байгаа бол Номхон далай дахь АНУ-ын талаас хатагтай Криста Маграс удирдан явуулж байна. Хатагтай Криста Маграс "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн команд-штабын сургуулийг тав дахь удаагаа удирдаж байгаа бөгөөд дэлхийн 10 орчим оронд энэ төрлийн сургуулийг удирдсан туршлагатай нэгэн юм. Тэрээр энэхүү сургуулийг явуулахад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ болон Зэвсэгт хүчний Сургалтын төвийн удирдлага, хамт олон сайн дэмжлэг үзүүлж, ямарваа нэгэн цаг үетэй холбоотой хүндрэлүүдийг газар дээр нь шийдвэрлэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн онолын сургалттай зэрэгцээд хэсэгчилсэн дадлагуудыг, янз бүрийн цагийн байдлыг өгч зохион байгуулахаар төлөвлөсөн. Ажиллагааны газар оронд шийдвэр гаргах ажлын дараалал нь нарийвчилсан дүн шинжилгээ, хугацаа шаардагддаг. Тиймээс юуны өмнө онолын мэдлэг олгосны дараа тодорхой хэмжээнд дадлагатай хослуулж явуулахыг хичээж байгаа талаар хоёр талын сургуулийн удирдагчид онцолсон.
Команд-штабын сургуулийн удирдагч КРИСТА МАГРАС:
-"Хааны эрэлд" сургуулийн Команд-штабын сургуулийг явуулахдаа олон үндэстний офицеруудыг нэг бригадын зохион байгуулалтад оруулдаг. Энэхүү бригад нь гурван батальонтой бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний батальон, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн батальон болон АНУ-ын Хуурай замын цэргийн батальоны штаб оролцдог. Ийм форматаар явагддаг болоод багагүй хугацааг өнгөрөөсөн тул бидэнд туршлага хуримтлагдсан гэж хэлж болно. Сургуулийн зорилго нь бригад, батальоны штабын бүрэлдэхүүнд багтаж энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг аливаа ажиллагааг удирдан зохион байгуулахад дадлагажуулах, тактик, техник ажиллагааны дараалалд сургах явдал байдаг. Мөн тэд шийдвэр гаргах явцыг дадлагаар хийж гүйцэтгэдэг.
Команд-штабын сургуулийн Монголын талын удирдагч, хурандаа Н.АЛТАНГЭРЭЛ:
-Команд-штабын сургуулийн зорилго нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэх батальоны удирдлага, штабын бие бүрэлдэхүүнийг мандатад заагдсан үүргийнхээ дагуу шийдвэр гаргах арга, техникт сургаж, тухайн шийдвэрийнхээ дагуу ажиллагааг зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний тулд зөвхөн онолын мэдлэгээс гадна дадлагыг олгож байгаагаараа давуу талтай. Цаасан дээр тушаал, шийдвэр нь буугаад зогсохгүй хэрэгжилт нь хэр бодитой байгааг АНУ, Монголын хамтарсан ротын үйл ажиллагаа бэлхнээ харуулна. Тиймээс туршлагыг энэ сургуулиар шууд олж авна гэсэн үг юм. Энэ жилийн команд-штабын сургуульд төрөл бүрийн түвшинд 19 орны 120 орчим цэргийн алба хаагч оролцож мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх юм.

ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ, ДАДЛАГА, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Сүүлийн гурван жилийн байдлаар "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах олон улсын цэргийн алба хаагчид ч нэмэгдсээр байна. Энэ жилийн тухайд "Хааны эрэлд" сургуульд оролцогчдын тоо 40 гаруй хувиар нэмэгдэж өргөтгөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүрэн тоноглосон цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн ажиллуулж байгаа юм.

"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үеэр Монгол Улс, АНУ, Израиль, Солонгос, Канадын эмч, мэргэжилтнүүд бүхий хамтарсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмнэлгийн шаталсан тусламжийг хээрийн байрлалд үзүүлж байна. 

Мөн энэ жилийн сургуульд хамрагдаж байгаа эмч, сувилагчдын 70 орчим хувь нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх IX ээлжийн цэргийн багийн эмнэлгийн бүрэлдэхүүн багтаж байгаа юм. Эдгээр бүрэлдэхүүнийг чадавхжуулах, ажиллагааны газар оронд тохиолдож болзошгүй цагийн байдалд тулгуурлан эмнэлгийн татан гаргалтын сургалт, дадлагыг явуулж байна. Ингэснээр цэргийн багийн эмнэлгийн бүлгийн ажиллагааны өмнөх дадлага, сургуулийн чанарт сайнаар нөлөөлөх болно хэмээн "Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн эмнэлгийн төлөвлөлтийн офицер, ахмад О.Гэрэлмаа хэлсэн.
Сургуульд оролцогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмнэлгийн анхан шатны тусламжийн болон татан гаргалтын гэсэн хичээлийн хоёр цэгт Зэвсэгт хүчний ангиудын дөрвөн эмч, гадаадын 10 эмчтэй хамтран сургалт, дадлагыг явуулсан.
Эдгээр хичээл, цэг нь энхийг сахиулагчдыг байлдааны талбарт болон ажиллагааны газар оронд бусдын амь насыг аврах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй сургалт юм. Байлдааны ажиллагааны үeд цус алдалтын шалтгаантай үxэл нийт амь алдалтын 87 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Эмнэлэг хүртэлх нас баралтын 27 хувийг урьдчилан сэргийлж болох нас баралт эзэлдэг аж.

 

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5298649
Өнөөдөр зочилсон 2290
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.