Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
2019 оны 06 сарын 10 | enkhtuvshin
   

Soyombo сонин-н зураг.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран нийслэлийн Соёлын төв өргөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол Улсын төлөө зүтгэе” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

Уг чуулганд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон албаны бусад хүмүүс, цэргийн алба хаагчид, тэдний ар гэр бүлийн төлөөлөл оролцов. Мөн Монголын үндэсний урлагийн их театр, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, “Улаан бүч” чуулгын найрал дууны дугуйлангийн сурагчид, “Хурд” хамтлаг, МУСТА Б.Отгонжаргал, Д.Осгонбаяр нарын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан юм.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос Эх үрсийн баярыг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн тэргүүний алба хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэх энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байна.

Монгол ээжийн энэрэл хайранд үрсийнх нь амьдралын ертөнц багтаж, тэтгэгддэг учиртай. Монгол эхийн зүрх сэтгэлд эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдал, мандан бадрал, хүмүүнийх нь эрх, эрх чөлөө тээгдэж явдаг. Монгол цэрэг элбэрэлт эхийнхээ дундаршгүй хайр ивээлд багтаж, эх сайхан орноо сэтгэл зүрхэндээ тээн, амь биеэ үл огоорон хамгаалж ирсэн учраас Монголын төрийн тусгаар тогтнол бат бэх байж, гал голомт нь мөнхөд мандан бадрах учиртай.

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, хөгжил дэвшлийн үйлсэд төр, иргэний нийгэм, нийт ард түмнийхээ санаа зориг, хүч чармайлтыг нэгтгэх зорилгын дор цэрэг, цагдаагийн алба хаагчид, ахмадууд, эрдэмтэн, судлаачид, соёл, урлаг, төр, нийгмийн зүтгэлтнүүд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг санаачлан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Холбооны үйл ажиллагаанд хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, нийт иргэдийнхээ идэвхтэй оролцоо дэмжлэгт тулгуурлах зарчмуудыг тууштай баримтлан үйл ажиллагаа явуулж байна.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” эрхэм зорилгоо хэрэгжүүлж, иргэдээ соён гэгээрүүлэх, цэрэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх, монгол цэргийн түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, арвижуулах, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит ажлуудыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэх зэрэг зүй бус асуудалтай хийх тэмцэл ч тус холбооны анхаарлын төвд байх болно. Тус холбоо эрхэм зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлж, түмэн олондоо хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, нөлөө бүхий төрийн бус байгууллага болж, өсөж хөгжих нэгэн эх сурвалж нь эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний үнэтэй санал, зөвлөмж байна гэдэгт итгэл төгс байна.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо:
-Юуны өмнө төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, хамт олонтой хамтран анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцож байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайд таныг энэхүү арга хэмжээг анх санаачлан мөн өөрийн биеэр оролцон халуун дотно үг хэлж, бидэнд илүү ихийг бүтээх урам зориг нэмсэнд баярлалаа. Энэ танхимд суугаа олон сайхан гэр бүл та бүхэн бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүний нөөцийн ширгэшгүй ундарга болсон хүмүүс юм. Тийм учраас зөвхөн өөрсдөө алба хаагаад зогсохгүй үр ач нараа эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүд болгон өсгөн хүмүүжүүлж байгаа гавьяатнууд гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд “Энх цагийн эх орончид” гэж оновчтой тодорхойлон хэлсэн билээ. Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 17 дахь жилтэйгээ золгожээ. Энэ хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа илгээсэн тоогоор Ази тивдээ эхний байрт орсон байна. Эмэгтэйчүүд та бүхний мөрдэст албанд оруулж буй юугаар ч үнэлшгүй хувь нэмрийг нийгэмд ойлгуулахыг бид зорьсон юм. Энэхүү чуулган ч уг зорилгыг бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. 

Түүнчлэн есөн эмэгтэйг онцолж, тэдний гэр бүлийг “Шилдгийн шилдэг гэр бүл”-ээр тодруулсан юм. 

1.Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн зэвсгийн нярав, ахлах ахлагч Ж.Гантуяа
Тэр бээр 1975 онд Сэлэнгэ аймгийн нутагт төрсөн. 1983-1993 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2 дугаар дунд сургууль, 2008-2009 онд БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийг радиолокацын станцын оператор, планшетчин мэргэжлээр, 2014 онд нярвын дамжааг тус тус төгссөн. 1998 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид холбооны хадгалах тасгийн нярав, 1999-2002 онд салааны захирагч, 2002-2011 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид удирдах байрын планшетчин, 2011-2015 онд жолооч, 2015 оноос зэвсгийн нярваар томилогдон ажиллаж байна. Түүний хань бэлтгэл дэд хурандаа Д.Алтантулга 1989-1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг холбооны ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчинд тасралтгүй 27 жил алба хаасан юм. Ж.Гантуяа нь гурван хүүтэй, том хүү ахлагч А.Чойгийванчиг нь Зэвсэгт хүчний 353 дугаар ангид химийн ариутгагч, жолоочоор ажиллаж байна. Удаах хүү дэд ахлагч А.Ууганжаргал нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаадаг бол бага хүү нь Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд суралцдаг. 

2.Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Ойн аж ахуйн эрхлэгч, ойжуулалтын инженер, бэлтгэл ахлах ахлагч П.Лхамсүрэн
1970 онд Өвөрхангай аймгийн нутагт төрсөн. 1978-1988 онд тус аймгийн 2 дугаар дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Фрунз хотын техник мэргэжлийн сургуулийг зохион байгуулагч, 1993 онд БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийг радиотелеграфчин, 2006 онд ХААИС-ийг ургамал судлаач мэргэжлээр төгссөн. 1995-2006, 2010-2013 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид станцын дарга, 2006-2009, 2013-2016 онд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид оператор, нягтруулгын техникчээр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ойн, аж ахуйн эрхлэгч, ойжуулалтын инженерээр ажиллаж байна. Түүний хань хурандаа Ч.Гандирваа нь 1994-1999 онд Цэргийн их сургуулийг зам, гүүр барилгын машин, механизмын мэргэжлээр төгссөнөөс хойш өдгөөг хүртэл Зэвсэгт хүчинд тасралтгүй 25 жил алба хааж байгаа юм. П.Лхамсүрэн нь дөрвөн хүүхэдтэй, том хүү ахлах дэслэгч Б.Зоригтбаатар нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хаадаг бол дунд хүү дэслэгч Б.Ариунбаатар нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангид алба хаадаг. Бага хүү Г.Билгүүн нь МУИС-ийн оюутан, охин Г.Энхжин нь 9 дүгээр ангийн сурагч юм. 

3.Хилийн 0151 дүгээр ангийн хувцасны нярав Б.Оюунцэцэг

1964 онд Ховд аймгийн нутагт төрсөн, 1986-1992 онд Хилийн цэргийн 0130 дугаар ангид залгагч, 2002 оноос Хилийн цэргийн 0151 дүгээр ангид үйлчлэгч, шуудан хүргэгч, тогооч, халуун усны эрхлэгч, хувцасны нярав зэрэг албан тушаалд ажилласан. Түүний хань бэлтгэл дэд хурандаа Ц.Бямбаа нь Хил хамгаалах байгууллагад салаа, салбарын захирагчаас ангийн штабын дарга хүртэл дэвшин 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Б.Оюунцэцэг нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү Б.Пүрэв-Өлзий нь ХХЕГ-ын шифрийн албаны ахлах ажилтан, дунд хүү Б.Лутхүү нь Хилийн 0151 дүгээр ангид буудлагын талбайн техникчээр ажилладаг. 

4.ХХЕГ-ын Боловсон хүчний хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан ахмад ажилтан Д.ЭнхтуЯа

1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-2006 онд Хилийн 7 дугаар хороо, застав, “Эх орны төлөө” сонин, Хилийн цэргийн Боловсон хүчний хэлтэс, ЦЕГ-ын Дотоодын цэргийн хэлтэс зэрэг байгууллагад номын санч, бичээч, нууцын хэрэг хөтлөгч, нууцын эрхлэгч, хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан. Түүний хань бэлтгэл дэд хурандаа Д.Гончигдорж нь Хил хамгаалах байгууллагад 31 жил алба хаасан. Охин дэд хурандаа Г.Энх-Ертөнц ХХЕГ-т албаны дарга, хүү хошууч Г.Мөнх-Ертөнц Дотоод хэргийн их сургуульд тэнхимийн эрхлэгч, охин Г.Одон-Ертөнц ХХЕГ-ын холбооны офицероор тус тус алба хааж байна. 

5.Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч С.Жавзандулам
1978 онд Архангай аймгийн нутагт төрсөн. 2000 онд УБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, 2000-2016 онд Гал унтраах 80 дугаар ангид дуудлага хүлээн авагч, гал сөнөөгч, 2016 оноос өнөөг хүртэл одоогийн албан тушаалд ажиллаж байна. Түүний хань хошууч Т.Ичинноров Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч даргаар алба хаадаг. 

6.Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Сургалтын туслах, биеийн тамирын офицер, ахлах ахлагч Д.БаЯр-Оюун
1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008-2014 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчин, 2014-2017 онд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд харуулын цагдаа, 2017 оноос одоогийн албан тушаалд ажиллаж байна. Түүний хань цагдаагийн дэд хурандаа Ц.Батаа 1999-2003 онд Цагдаагийн академийг төгсөж, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад 20 гаруй жил алба хааж байна. Охин Б.Анужин, Б.Мөнгөнсувд, Б.Мөнх-Ану нар нь Нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн сурагч ажээ.

7.Дотоодын цэргийн хүний нөөцийн ахлах офицер, цагдаагийн ахмад Ц.СоронзонТунгалаг
1980 онд Дорнод аймгийн нутагт төрсөн. 2007-2014 онд Дотоодын цэргийн штабт бичээч, хүний нөөцийн офицер, 2014-2017 онд Нийслэлийн Цагдаагийн газарт хүний нөөцийн мэргэжилтэн, 2017 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөвлөлт хариуцсан офицер, 2018 оноос одоогийн албан тушаалд тус тус ажиллаж байна. Түүний хань цагдаагийн дэд хурандаа З.Пүрэвдорж нь 2001-2016 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2017 оноос Авлигатай тэмцэх газарт ажиллаж байна. Түүний охин П.Анужин нь ШУТИС-ийн оюутан, П.Хонгорзул нь “Кингс Кидс” сургуульд сурдаг юм. 
8.ШШГЕГ-ын харьяа хорих 
461 дүгээр ангийн дотрын их эмч, дэд хурандаа Л.Тунгалаг
1966 онд Төв аймгийн нутагт төрсөн. 1984-1986 онд Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч, 1990-1996 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр тус тус төгссөн. 1986-2002 онд Төв аймгийн эмнэлэгт эм найруулагч, сумын их эмч, 2002 оноос нийслэлийн Усан спорт, сургалтын төвийн их эмч, 2015 оноос ШШГЕГ-ын харьяа хорих 401, 407, 461 дүгээр ангид эмэгтэйчүүдийн эмч, дотрын их эмч зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байна. Түүний хань хурандаа Б.Батсайхан хорих ангиудад төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад одоо ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангийн даргаар ажиллаж байна.

9.Тагнуулын ерөнхий газрын ажилтан, ахмад Б.ДэлгэрзаЯа
1980 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг 2003 онд, Үндэсний тагнуулын академийг 2012 онд тус тус төгссөн. 2009 оноос тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд ТЕГ-ын тусгай архивын баримт, бичгүүдийг судалгааны эргэлтэд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, олон ном, товхимол, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, нийтэлсэн судлаач, эрдэмтэн хүн юм. Түүний хань дэд хурандаа Ц.Батзориг эрх зүйч мэргэжилтэй, 2003 оноос ЦЕГ-ын дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Түүний хүүхдүүд болох Б.Өнөболд, Б.Өнөмандах нар нь сургууль, цэцэрлэгт суралцдаг аж.

Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186188
Өнөөдөр зочилсон 738
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.