Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХОЛЫН ЗАМД САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ХАМГИЙН САЙХАН
2019 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

Image may contain: 1 person

Энэ удаагийн ярилцлагын хойморт Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Б.Анхбаяр уригдлаа.

Юуны өмнө Та төрж өссөн нутаг ус, төгссөн сургууль, бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу? 
-Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. Дөрвөн хүүтэй айлын ууган хүү, 1992 онд сумынхаа найман жилийн дунд сургуулийг дүүргээд хөдөө мал дээр гарч билээ. Аав маань нэгдэлд хоньчин, ээж маань саальчин байв. Эгэл жирийн малчны хүүхэд надад тухайн үед сургууль, соёлын мөр хөөе гэсэн бодол огт төрдөггүй байж. Тэгээд ч тэр үе ардчилал, зах зээлийн жинхэнэ давалгааны үе байсан даа. Тиймдээ ч тэр үү, миний үеийнхэн хөдөө мал дээр гарах нь элбэг байлаа. Айлын том хүүгийн үүрэг, хариуцлага өндөр шүү дээ. Аавдаа тус, дэм болж, мал маллаж байгаад 1996 онд хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаасан. 

Аан, ингээд л “цэргийн хүн” болоод үлдчихсэн байх нь...
-Үгүй, үгүй. Халагдаад харьсан. Цэргийн алба хаачихсан нэг их мундаг эр гэж өөрийгөө тоосон этгээд харьж билээ. Очиход аав, ээж маань гэр орон бэлдчихсэн, унаж эдлэхээс эхлээд дутуу зүйлгүй угтсан даа. Удмыг нь залгах ууган хүү нь юм болохоор арга ч үгүй биз. Аав, ээжийн минь энэ хайр, хүндлэл, айл саахалтынхны сайшаал магтаал нь өнөө өөрийгөө тоосон занг минь бүр ч өдөөх шиг болж билээ. Гэлээ ч даруулга, хүмүүжил гэдгийг яаж умартах вэ дээ. Удалгүй хугацаат цэргийн алба хаачихсан мундаг эр гэдэг өнөөх бардамнал маань дарагдаж, бодит хөрсөндөө буусан шүү дээ. Нөгөө шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л байгаа биз.

Нээрээ л цэрэгт яваад ирсэн ах нар их мундаг санагддаг байсан даа... 
-Тэр ч тийм шүү. Тэгээд л өнөөх чинь өөрийгөө тэгтлээ тоохгүй юу. Ер нь ганц би ч биш, цэргийн алба хаасан хэн боловч эхэндээ тэгж “өвчилдөг” байсан байх шүү.

За тэгээд л айлын ууган хүү аавынхаа голомтоос галаа тасалж, амьдралын их аялалд гарсан нь мэдээж. Харин хотод хэрхэн суурьшив?
-Тийм ээ. Цэргээс халагдаж очоод нэг их удалгүй нутгаасаа эхнэр авч, тусдаа гарлаа. Мал дагасан хүн ам тосдоно гэдэг шиг аавынхаа дэргэд мал маллаж, элбэг хангалуун сайхан амьдарч байв. Ер нь тэгээд байгаль дэлхийн ааш аяг, цаг агаар аятай бол хөдөө сайхан. Харин цаг хүндэрвэл эвгүй, 2000 онд айхтар зуд болсон шүү дээ. Түүнд цөөнгүй малаа тавьж туусан. Гэсэн хэдий ч хөдөө үлдэж болох л байсан. Харин ээж, эхнэр хоёрынхоо санаачилгаар, аавтайгаа зөвлөлдөөд нэг нь ч гэсэн хот сууринд төвхнөе гэж шийдээд л хот руу ирсэн юм. Том хүүгээ өвөө, эмээд нь орхиод, дүүдээ гэрээ өгчихөөд, өөрсдөө чемодантай хувцастайгаа, айл болоход аавын маань хийж өгсөн бурханы бортогоос өөр зүйлгүй ирж билээ. Ирээд байр түрээсэлж суулаа, амьдралаа авч явахын тулд наймаа хийх гэж оролдов. Тэр чинь над шиг хүн хүний хийдэг ажил биш юм билээ. Тэгээд л барилгын ажлаас эхлээд мах эвдэж, шулдаг ажил хүртэл хийдэг байлаа. Ер нь юм, юм хийж үзсэн дээ.

Зэвсэгт хүчинтэй яаж яваад холбогдов? 
-Ээжтэй минь эгч дүүсийн хүүхэд Н.Батчулуун гэж мундаг ахлагч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид ажилладаг байсан юм. Тэр хүнд ээж маань намайг захиж, ажил төрөл асууж лавласнаар миний Зэвсэгт хүчинтэй, тэр тусмаа энэ ангитай ажил амьдралаа холбох эхлэл тавигдсан даа. Тухайн үед Н.Батчулуун ах ангийнхаа удирдлагад уламжилж, намайг туршилтын зургаан сарын хугацаанд ажиллуулсан юм. Тэгээд л 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдож, дэд ахлагч цолтой ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлснээс хойш энэ сайхан хамт олны дунд, өдий зэрэгтэй явж байна даа. 

Хугацаат цэргийн алба хаачихсан болохоор цэргийн алба тийм ч хүнд, хэцүү санагдаагүй байх, тийм ээ? 
-Тэгэлгүй яах вэ, цэргийн албанд дасан зохицох нь надад огтхон ч хэцүү байгаагүй. Тэр тусмаа жолооч болох хүсэлтэй, техникийн талын сонирхолтой надад манай ангийн онцлог бүр ч давуу тал болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ухарч, шантрах зүйл ер байгаагүй. Нэгэнт л Зэвсэгт хүчин хэмээх өнөр айлд бүл нэмэн төрийнхөө алтан соёмбыг тэргүүндээ залж, ийм сайхан хийморьлог албанд зүтгэх хувь тохиосон болохоор ажилдаа дурлаж, ажлаа чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг юм.

Танд зааж зөвлөж, сургаж дадлагажуулан өдий зэрэгт хүргэсэн багш мэдээж бий байх... 
-Гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн бол яах аргагүй Н.Батчулуун ах юм. Дээр нь засварын “МТО-АТ”-ын дарга, сургагч ахлагч Мөнхбат гэж мундаг хүн байлаа. Энэ хоёр хүн надад машинд засвар, үйлчилгээ яаж хийх, машин техниктэй хэрхэн харьцах, дарга нарт яаж үйлчлэх, биеэ хэрхэн авч явах зэрэг олон зүйлийн талаар харамгүй зааж зөвлөж, дадлагажуулсан даа. Мөн ажилдаа чадварлаг, хүнийхээ хувьд ч мундаг ах нар олон байлаа. Тэднээс үлгэрлээд бие даан суралцана, асууж лавлаад заалгана, дээр нь өөрийн хичээл зүтгэл, сэтгэл байвал тэгээд л алзахгүй шүү дээ. Мөн нэгэнт л жолооч болсон бол та архи гэдэг идээнээс хол бай, амьдралаасаа бүр авч хаях ёстой гэдгийг оройдоо ортол ойлгосон.

Таны баримталдаг зарчим юу вэ? 
-Би жолооч хүн. Надтай хэн ч, ямар ч хугацаагаар, хаашаа ч томилолт аваад зорчсон бай, би тэр хүнийг даргаа гэж хүндэтгэдэг. Ямар цолтой байх нь сонин биш. Тэр хүнд би үйлчлэх, аюулгүй авч явах ёстой, миний үүрэг энэ. Энэ зарчмаасаа би гажиж үзээгүй. Мэдээж хамт яваа хүнээ аюулгүй, ая тухтай авч явахын тулд машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгахаас эхлээд жолооч хүний хариуцлага маш өндөр.

Холын замд гараад салхи исгэрүүлэн давхихад хийморь сэргээд л ирнэ биз? 
-Яг тийм. Холын замд салхи татуулан давхих хамгийн сайхан. “Энэ нөхөр хөдөө яваагүй хэд хоносон чинь бүр царай алдчихаж, хөдөө явахаараа өнгө орчихдог юм” гэж хошигнодог дарга нар ч бий. Хэдийгээр наргиа боловч үнэн чанартаа яг л тийм. Хамт яваа дарга маань томилгоот ажлаа цаг хугацаанд нь амжуулаад, ямар нэгэн саад бартаагүй яваад ирэх, тэр тусмаа хамт явсан хүнээ гэрт нь хүргэчихээд ангидаа ирж машинаа зогсоолд нь тавиад гэр лүүгээ алхаж явах хамгийн сайхан байдаг юм.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгатны эгнээнд элссэн байх... 
-Сьерра Леон улсад явагдсан ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн баг, Афганистан улсад ХБНГУ-ын роттой хамтарч үүрэг гүйцэтгэсэн нэгдүгээр ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн. Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн хоёрдугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар Д.Ганзориг генерал, Афганистан улсад үүрэг гүйцэтгэхэд цэргийн багийн захирагчаар өдгөө Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар явж байлаа. Д.Ганзориг генерал намайг 119 дүгээр ангид байлдагч байхад дэслэгч цолтой салааны даргаар томилогдон очиж байсан. Тухайн үед би цэргийн хүн болчихоод хожим энэ хүний удирдлагад хилийн чанадад үүрэг гүйцэтгэнэ гэж зүүдлээ ч үгүй. Анх удаа ажиллагаанд оролцохдоо салааны даргынхаа удирдсан цэргийн багт багтаж үүрэг гүйцэтгэсэн маань миний хувьд бахархал, бас л сонин хувь тохиол гэж боддог шүү.

Таны хобби юу вэ? 
-Байгалийн сайханд аялах дуртай. Эх орноо бүтэн тойрч аялах юмсан гэж боддог байлаа. Одоо бол ажил, албаныхаа онцлогоос шалтгаалаад бараг явж үзээгүй, хүрч очоогүй газар ховор.

Та хүний мөс чанарын тухайд ямар бодолтой байдаг вэ? 
-Хүн байх, хүн чанарын тухай ойлголт одоо улам л саармагжаад байгаа юм уу гэж анзаарагдах үе байх юм. Гэхдээ нийтлэгээрээ биш шүү дээ. Бид нэг л амьдраад буцна, энэхүү үл мэдэгдэх хугацаанд хүн хүнээрээ байх нь хамгийн эрхэм. Нийтэч, хамт олонч, хэнд ч чин сэтгэл гаргаж чаддаг байх ёстой. Амиа бодсон чанар нэг их хол явах чанар биш. Мөн ажил албандаа үнэнч, аливаад тууштай, хүний итгэлийг даасан шиг даах хэрэгтэй байх. Өнөө, маргааш төдийхнийг харсан хүн байдаг. Манай ангийн ихэнх цэргийн алба хаагч машин техниктэй харьцдаг, хариуцсан машиндаа эзэн болоод, арчиж цэвэрлэхээс эхлээд засвар, үйлчилгээг нь чин сэтгэлээсээ хийдэг, хэрэгтэй зүйл гарвал халааснаасаа хэдэн төгрөг гаргаад түүнийгээ авчихдаг нэг нь ч бий. Энэ бол улсын өмч, ангийн машин гэдэг хүнийрхүү сэтгэлээр ханддаг, жаахан л сэтгэл гаргачих зүйл дээр гараа хумхиад, ангийн удирдлагад санал, шаардлага тавиад суучихдаг нэг нь ч бий. Намайг анх энэ ангид ирж байхад манай ах нар үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ч тэдний тэрхүү чанарт суралцсан. Тэр нь ч өнөөдөр надад хэрэг болж байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу? Цаг завгүй ажилтай ханиа ойлгож, ар гэртээ санаа зовох зүйлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг хүмүүс нь яах аргагүй гэр бүлийн хүн байдаг... 
-Намайг ажилтай, хамт олонтой, өдий зэрэгтэй явахад хамгийн их түшиг болдог хүн нь мэдээж эхнэр маань шүү дээ. Миний ханийг Т.Сэлэнгэ гэдэг. “МСS” группын салбарт ажилладаг. Бид хоёр хүүтэй. Том хүү маань өнгөрсөн намар оюутан болж, ОХУ-д химийн чиглэлээр суралцаж байна. Бага хүү есдүгээр ангид сурдаг. Аль ч талаасаа манайханд надаас өөр цэргийн хүн байхгүй. Харин том хүү минь цэргийн хүн болохоор бэлтгэгдэж байгаад аавын хувьд олзуурхаж байгаа шүү. Цаг хугацаа хурдан юм, саяхан л хотод чемодантай хувцаснаас өөр зүйлгүй орж ирчихээд амьдралаа тэгээс эхэлж байлаа. Одоо өөрсдийнхөө хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр амьдралаа төвхнүүлж, хүний дайтай сайхан амьдарч явна. Бага, багаар зорилго тавьж, алхам алхамаар урагшилж байгаадаа сэтгэл хангалуун явах нь хүний амьдралаас авдаг хамгийн сайхан таашаал юм даа.

Бахархал... 
-Аав ээж, ажил алба, хамт олноороо бахархдаг. Хэрэв хөдөө амьдарсан бол хэдэн малтай л байх байсан. Энд, тэнд очиж буу халсан, мөрийтэй тоглосон, зун, намрын цагт тарвага, зурам хөөцөлдөж алга болсон, мотоцикл унаж дэмий тэнэсэн тийм л этгээд байх байсан болов уу гэж боддог шүү. Өөрийгөө дутуу үнэлж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм хандлага байсан учраас аав, ээж, эхнэр маань санаачилга, шийдвэр гаргаж хотод ирсэн гэдгийг нуугаад яах вэ. Ер нь бүх юм бэлэн байх тусам хүний толгой ажилладаггүй, хөдөлмөрийн үр шимийг мэдэрдэггүй юм билээ. 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Туулах зам бүхэн тань шулуун дардан байг ээ.

"Соёмбо" сонин, ахмад Д.МЭНДБАЯР

Үйл явдалын хуанли
FEBRUARY 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Статистик
Нийт зочид 4443656
Өнөөдөр зочилсон 1488
Нийт мэдээлэл 75
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.