Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ХҮНДИЙГ ҮҮРЭЛЦСЭН МОНГОЛ ЖАНЖИН
ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ХҮНДИЙГ ҮҮРЭЛЦСЭН МОНГОЛ ЖАНЖИН
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Түүхийн ухааны доктор, ШУА-ийн шагналт түүхч Д.Хоролдамба Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулж ЦЯЯ-ны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандонойн тухай “Түмэнд нэртэй түүхэнд мөртэй жанжин” гэсэн мэдээ, баримт сайтай ном бичиж хэвлүүлжээ. Тэрбээр ЦЯЯ-ны 3 дугаар газрын дарга Б.Очирбат, Жанжин Штабын дарга  Ж.Цэрэн, Дорнод корпусын дарга Д.Цагаан зэрэг хилсээр хэлмэгдсэн цэргийн томоохон зүтгэлтнүүдийг судласан эрдэмтэн юм. Энэ удаад 1939 оны Халхын голын дайны ялалтад хувь нэмрээ оруулсан монголын нэртэй жанжин Ц.Лувсандонойн тухай бичсэн судалгааны ажлынх нь талаар түүнтэй ярилцлаа.

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтаж жанжны алдар гавьяаг мөнхжүүлэхүйц эрдэм шинжилгээний сонирхолтой бүтээл туурвисан таны хичээл зүтгэлд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Та жанжны талаар судласан тухайгаа товчхон танилцуулна уу?

-Баярлалаа, би 20-иод жил эх түүхээ шимтэн судалж байна. Монголын түүхэнд товойн гарч ирсэн гавьяат эрсийг сонирхдог. Тэдний нэг бол Ц.Лувсандоной жанжин юм. Би судалгаанаасаа дээжлэн “Орлогч жанжин Лувсандонойг Оросууд хэлмэгдүүлсэн түүх” гэдэг өгүүлэл бичиж  2009 онд “Өдрийн сонин”-д нийтлүүлтэл хүмүүс маш их сонирхсон. Тэндээс залгуулаад  2010 онд “БНМАУ-ын Бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандоной” гэсэн нэг сэдэвт бүтээлийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон цуврал” XIII ботид хэвлүүлсэн юм. Түүнээс гадна 2013 онд Лувсандоной жанжны 110 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлыг Төв аймгийн Зуунмод хотноо генерал Г.Дугарсүрэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, генерал С.Баасанхүү нарын хамт зохион байгуулж, “1930-аад оны Монгол цэргийн зүтгэлтэн Ц.Лувсандоной Халхын голын дайнд”, “Ц.Лувсандоной МАХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг хангах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан цэргийн томоохон зүтгэлтэн болох нь” гэсэн хоёр илтгэл тавьсан. Ц.Лувсандоной жанжны тухай “Түмэнд нэртэй түүхэнд мөртэй жанжин” гэдэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээлдээ тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Халхын голын дайны үеийн түүхэн нөхцөл байдлыг цогцоор судлан,  түүний гавьяа, зүтгэлийг цоо шинээр нотлон гаргаж ирлээ.

 Ц.Лувсандоной жанжин аль нутаг усны, ямар замналтай хүн бэ?

-1903 онд Халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, хожмын Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийн засаг захиргааны хуваариар бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Цээлийн Шарбүрд” (одоо Арбүрд гэх болсон) гэдэг газар Цэрэнжав хүлэгчийн дүү бүсгүй, малчин эмэгтэй Тогоо-Аюушийн ууган хөвгүүн болон төржээ. Эх нь номын дөртэй болгох гэж хийдэд шавилуулан суулгахад эрдэмд шамдамтгай, хичээл зүтгэлтэй болохоо харуулж, улмаар Монгол бичгийн сургуульд сайн суралцжээ. Ингээд нам, эвлэлийн сонгуульт ажлуудыг удаа дараа хийсэн байна. 1926 онд цэргийн албанд татагдан жагсаалын цэргээс  Цэргийн Ерөнхий сургуулийн багш болтлоо өсч, улмаар Цэргийн зөвлөлийн тусгай хэргийн эрхлэгч,  нарийн бичгийн дарга, I дивизийн тусгай хэлтсийн төлөөлөгч, дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, Жанжин штабын тусгай тасгийн дарга, ДЯЯ-нд жинхэнэ төлөөлөгч, ангийн дарга зэрэг ажил хийжээ. Дараа нь ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар “1936 оны есдүгээр сараас Цэргийн Яамны 4-р газрын дарга” болж хилс хэрэгт баривчлагдан хэлмэгдэх хүртлээ цэрэг армитай ажил, амьдралаа холбосон байна.

Ц.Лувсандоной ерөөсөө л цэрэг, батлан хамгаалахад залуу насаа зориулжээ. Хэдийд дэд жанжин болов?

-1939 оны хоёрдугаар сараас Жанжин штабын орлогч дарга, дарга, мөн оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 1-нийг хүртэл БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчийн хариуцлагатай албанд ажилласан юм. 1939 оны дайны ид үеэр энэ жанжны амьдрал ээдрээтэй болж баривчлагдсан. Түүнийг ЗХУ-ын тусгай албаныхан шууд л барьж Читад байцаасан байдаг.

 Яагаад манай жанжныг хэлмэгдүүлэх болов? 

-Халхын голын дайны үеэр Монголын 8 дугаар морьт дивизийг Зөвлөлтийн байлдааны онгоцууд андуурч бөмбөгдсөн. Хүн хүч, зэр зэвсэг, эд материалын нэлээд гарз хохирол учруулсан.  Зөвлөлтийн онгоцууд хамаг сумаа дуустал  бөмбөгдөөд явсан. Ахмад дайчдын дурдатгалаас үзэхэд байдлыг дээд удирдлага мэдээд шуурхай арга хэмжээ авч, шархдсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Зөвлөлтийн онгоц бөмбөгдсөн гэдгийг нууцлахаар шийдвэрлэж, “Лувсандоной жанжин бол японы тагнуул байсан учраас Зөвлөлтийн таних тэмдэгтэй японы онгоцуудыг зориуд явуулж зэвсэг нэгт нөхдөө бөмбөгдүүлсэн” гэсэн ял тулгасан. Түүнийг Дотоод яамаар оруулалгүй шууд баривчлаад Зөвлөлтөд мөрдөн байцааж, хилс хэрэг тулгаж байгаад хэлмэгдүүлсэн байдаг юм.

Хэлмэгдүүлэхийн тулд хуурамч баримт бүрдүүлж таарах уу?

-ТЕГ-ын архив дахь жанжинтай холбоотой баримтуудыг нягтлан судлахад ихэнх нь хуурамч юм билээ. Тухайн үеийн улс төрийн хилс хэргийг яаж бүрдүүлж байсан, яаж байцааж байсан, хилс хэрэг хэрхэн тулгаж хүчээр гарын үсэг зуруулж байсан нь харагддаг.  Цэргийн нэртэй түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн гуай “Өөрөө бүхий л баримтуудыг олж үзэж судалсан байна. Худлаа баримтуудад  хөтлөгдөөгүй нь сайн байна”  гэж намайг урамшуулж байв.

 Энэ зохиомол хэрэгт жанжин л ганцаараа холбогдсон уу?

-Ц.Лувсандоной жанжинтай холбогдуулж Оросууд Лувсандонойтой хамт ажиллаж байсан Кушеевыг баривчилсан мөртлөө сулласан. Дэлхийн ll дайн эхлэхэд Кушеевоор хороо, корпус командлуулж, хожим нь ЗХУ-ын баатар, генерал болгосон.  Тэгэхээр манай жанжин л хэлмэгдээд өнгөрсөн байгаа биз.

 Дайны ид үеэр МАХЦ гол удирдагчаа алдана гэдэг нөхөж баршгүй хохирол учирч дээ? 

-Жанжин Ц.Лувсандоной албан тушаалаараа тухай үедээ МАХЦ-ийн гол удирдагч байжээ. Маршал Х.Чойбалсан Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин байсан ч цэргийн бүх хэргийг орлогчдоо шилжүүлсэн. Тиймээс Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч гэдэг бол дайны талбарт нэгдүгээр хүн байжээ. 1939 оны эхнээс япончууд дайн өдүүлэх нь илт болсон. Жуков Халхын голд ирж байдалтай танилцаад дээд удирдлагадаа “Энд хилийн зөрчил будилаан биш, дайсан ойрын үед урьдынхаас том хэмжээний ажиллагаа гарцаагүй явуулна. Дайсан байлдааны ажиллагаагаа идэвхжүүлэх юм бол Монголд байгаа Зөвлөлтийн 57 дугаар корпусын хүчээр японы түрэмгийллийг тас цохих боломжгүй” гэж илтгэж байжээ. Лувсандоной бол тэр түгшүүртэй хавар МАХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг хангах нөр их ажлыг гардан зохион байгуулж, Халхын голын дайны ялалтыг хангахад дорвитой хувь нэмэр оруулсан гавьяатай жанжин яах аргагүй мөн.

 Зарим нэг үйл ажиллагаанаас нь тодруулбал...

-Монгол гутлаас дөнгөж салж буй шинэ цэргүүдээ яаж цэрэг болгох вэ, ядаж л гутал, формоо хэрэглэх, арчлан тордох,  сургууль хийхээс эхлээд, гутлын үйлдвэр цех байгуулах, адуу мал, зэвсэг техниктэй харьцах, цэргүүдийнхээ эрүүл мэнд, хүнсний хангалтыг чанаржуулах, цэргийн ангиудын дэргэд ногооны аж ахуй байгуулах гэх мэтчилэн өргөн хүрээнд  олон чухал шийдвэрүүдийг гаргаж байжээ. Товчхондоо харийн түрэмгийллийн эсрэг эх орон, тусгаар тогтнолоо батлан  хамгаалсан монгол цэргийн дайны бэлтгэл, цэрэг армийн бэлэн байдлыг нуруундаа үүрсэн жанжин бол Ц.Лувсандоной юм.

Халхын голын дайны эхний шатанд Лувсандоной жанжин МАХЦ-ийг удирдсан биз? 

-1939 оны эхнээс манай улсын Дорнод хил дээр японы тал үлэмжхэн хүчээр дайрдаг болсон. Өдөөн хатгалгa шатлан өргөжсөөр японы тал 5 дугаар сарын 28-29-нд ихээхэн ширүүн байлдаан хийж, манай тал ЗХУ-ын цэргийн хүчний хамт эх орныхоо торгон хилээс дайсны цэргийг  хөөн гаргасан. Энэ үед МАХЦ-ийг байлдааны бэлэн байдалд оруулж, зэвсэглэл техник, хүн хүчээр бэхжүүлэх ажлыг гардан хэрэгжүүлэх ачааны хүндийг Лувсандоной жанжин үүрсэн юм. Энэ үе хүртэл монголчууд байнгын түгшүүр дунд хориглох цэгүүдийг байгуулах, ар талын хангалт зэргийг тэр хавар л амжуулсан байдаг. Лувсандоной жанжин японы хүчийг тагнах талаар нэлээд зүйл хийсэн. Өөрөө Дотоод яаманд ажиллаж байсан. Тийм учраас улс орны нүд чих батлан хамгаалахтай холбоотой асуудлыг чадварлаг зохион байгуулсан. Өвөрмонгол, Баргын ноёдтой харилцах, мэдээлэл солилцох талаар хийсэн ажил их байдаг.

Жанжныг хэзээ цагаатгасан бэ?

-Гавьяатай хүн атлаа нэрийг нь ч хэлүүлдэггүй үе байжээ. Ах дүү нар, хамаатан садангууд нь Төв аймагт аж төрж ирсэн. Тэд нарыг эсэргүүний үр сад гээд үздэггүй байж. Тогоо-Аюуш гэж жанжны ээж 90 гаруй насалсан. Хүүгээ хүлээгээд л байсан. 1962 онд “Миний хүү Халхын голын дайнд зүтгэсэн. Сураг чимээгүй болсон учрыг олж өгнө үү” гэж өргөдөл бичжээ. 1956 онд ЗХУ Лувсандоной жанжныг цагаатгасан байдаг. Тэр өргөдөл гаргасны дагуу эх орон нь 6 жилийн дараа цагаатгасан.  Цагаатгасан ч жанжны талаар судалгааны ажил хийгээгүй, алдар гавьяаг нь мөнхжүүлээгүй явсаар 1990-ээд онтой золгосон. Харин цэргийн түүх судлалын эрдэмтэн, судлаачид жанжны үйл ажиллагаатай дам холбогдох хэсгийг зохиол бүтээлдээ мэр сэр оруулсаар ирсэн. Албан ёсны баримтаар Лувсандоной жанжин 1939 оны наадмын өмнөхөн баривчлагдсан юм билээ.

Таны бүтээлийг С.Баасанхүү, Г.Дугарсүрэн гээд цэргийн шинжлэх ухааны доктор, генералууд өндрөөр үнэлжээ. Энэ тухай тодруулна уу!

-Тиймээ, мэргэжлийн эрдэмтдийн үнэлэлт, дүгнэлт их чухал байдаг л даа. С.Баасанхүү генерал дүгнэлтдээ  тус бүтээлийг архивын баримтуудыг сайтар судлан шинжилж судалгааны эргэлтэд оруулахын хамт Ц.Лувсандонойн үйл ажиллагааг олон улсын цэрэг-улс төр, тухайн үеийн Монголын нийгмийн бодит байдалд илүү өргөн хүрээнд, олон талаас нь авч үзэж, харьцуулан судалсны үндсэн дээр олон шинэ, сонирхолтой дүгнэлтүүд дэвшүүлснийг онцолсон байна лээ. Харин Г.Дугарсүрэн генерал дүгнэж бичихдээ: “түүхийн ухааны доктор Д.Хоролдамба хэдэн жилийн турш архивийн баримт шүүн судалсаны үндсэн дээр “Түмэнд нэртэй түүхэнд мөртэй жанжин” гэдэг ном бичсэн нь сайшаалтай бөгөөд Ц.Лувсандоной жанжны тухай бүрэн судалгааны ажил хийж, жанжны дурсгалыг мөнхжүүлэн жинхэнэ ёсоор цагаатгал болохуйц урьд хожид гараагүй дорвитой сайн бүтээл туурвижээ” гэж дүгнэсэн. 

Ярилцлагынхаа төгсгөлийг таны мэдэлд үлдээе.

-Залуу хойч үед өвөг дээдэс тань эх орныхоо төлөө ингэж зүтгэж байсан гэдгийг харуулахад Лувсандоной жанжны амьдрал, гавьяа зүтгэл ач холбогдолтой гэж бодож байна. Залуу жанжин Ж.Лхагвасүрэн Ц.Лувсандоной жанжны ажлыг хүлээн авч 1939 оны дайныг ялалтад хүргэсэн. Үндсэндээ жанжны бэхжүүлсэн, бэлэн болгосон ажил дээр очсон. Ер нь Батлан хамгаалахын төв архивыг Ц.Лувсандоной жанжны тушаалаар анх байгуулсныг тэмдэглэе. Тиймээс тус архивыг энэ домогт жанжны нэрэмжит болгох саналаа БХЯ-ны удирдлага, хамт олонд дахин сонордуулъя.

 

Ярилцсан хурандаа Г.НЯМДОРЖ 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811367
Өнөөдөр зочилсон 3125
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.