Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ГЭНДЭНСОНОМЫН САНГИ БУЮУ “БААТАР САНГИ”
ГЭНДЭНСОНОМЫН САНГИ БУЮУ “БААТАР САНГИ”
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Намайг жаахан хүүхэд байхад манай аав, ээж “Баатар Санги” ирлээ гэх. Үнэхээр баатар байхаас ч яахав гэмээр ширвээ хар  сахалтай, дүрэлзсэн том алаг нүдтэй, ширүүн харцтай, чагнаад баймаар гоё яриатай, сайхан дуулдаг эр жаахан халамцуу ирээд л …

Эр бор харцага ину жигүүрхэндээ хүчтэй билээ зээ

Идэр залуу насандаа даанчиг ажина үгүй явлаа даа гээд л эрдүү цээлхэн хоолойгоор дуулахад хоолойн төвөнхий нь гүдэс гүдэс гэж хөдлөх, тэгснээ

Халхын гол, Хүрэн хараат, Нөмрөгийн голд

Хамаг цусаа юүлсэн юм

Аарцгандаа хоёр шархдаж

Ар сэрвээндээ арван гурван ширэм шивүүлж явлаа

Алтан аяганаас ус уух хувьтай байсан юм байлгүй

Анд нөхөд минь намайг дайны талбараас олсон хэмээн аавтай маань хуучлах энэ хүн цэцэн цэлмэгээрээ нутаг усандаа гайхагдсан Гэндэнсономын Санги агсан байсан юм.

Бага дарга Санги байлдааны талбарт

Санги гуай 1936 онд цэргийн албанд татагдан ус нутаг, аав ээж, танил бүхнээсээ хичнээн хол ч, онгодтой, сэргэлэн явсан залуу яах аргагүй мөн аж. Тэрээр ингэж хуучлана. Цэрэгт очингуут бага даргын сургуульд хуваарилагдан төгсч 1937 онд баруун хязгаараар цөмөрсөн гоминдааны дээрэмчдийг устгахад тусгай үүрэг гүйцэтгэж яваад мөн ондоо өөрийн ангидаа ирэв. 1938 онд Халхын голын 24 дүгээр отрядын 5 дугаар заставыг байгуулахад бие бүрэлдэхүүнд нь багтаж, заставын дарга Лувсандагва, улс төрийн удирдагч Нацагдорж нарын удирдлага дор 1940 оныг хүртэл цэргийн алба хаахдаа Халхын голын байлдааны хүндийг үүрэлцсэн 24 дүгээр отрядын харьяалал дор олон удаагийн тулалдаанд оролцож явлаа гээд эхлэхээр битүүхэндээ яриагаа битгий таслаасай хэмээн чих тавин чагнадагсан.

Үүний ярианаас санаанд үлдсэн заримаас сийрүүлбэл: -1939 оны наадмын өмнөхөн Хүрэн хараат /нөгөө шүлгэнд байдаг/ уулын орчим дайсны 10-аад морин цэрэг Халх голыг гатлан ирэхэд Санги “баатар” маань хэсэг нөхдийн хамт тосон байлдаж, 5-ыг нь устгаж, нэгийг амьдаар нь баривчилсан байна. Бас түүний дараахан өглөөгүүр дайсны 200 шахам морин цэрэг Хүрэн хараатын чиглэлээр хил зөрчин орж ирээд тархан байрлах үед түүний застав бүрэн бүрэлдэхүүнээрээ туслах хүчний их бууны галын дэмжлэгтэйгээр ширүүн тулалдаан хийж, үдээс хойш дайсны гол хүчийг устган, үлдсэн хэсгийг нь хилээс хөөн гаргаж байсан гэдэг. Энэ тулалдаанд бага дарга Санги ах маань анх удаагаа хөнгөн шархдсан юм билээ. Тэр үед гэсэн байх, заставаас нь урагш хагас өртөө орчим газарт дайсан хилийн манаатай буудалцаж байна гэсэн мэдээ авч Г.Санги ах тасаг цэргийн хамт хориглон байлджээ. Үдийн орчим хилээс нэмэгдэл хүч ирж тулалдаан ширүүсч, улам сунжирсаар орой 7 цагийн орчим дайсныг хилээс хөөн гаргаж байжээ. Энэ мэтээр Санги гуай олон тулалдаанд  оролцсон болохоор түүнийг манайхан “баатар” гэх нь зүйн хэрэг хэмээн тэр үедээ ч, одоо ч би боддог юм. Түүнийг дайны талбараас амьд гарсан тухай сонсоход бүр аймшигтай ч бас бахархалтай байдагсан. Энэ тухайгаа тэрээр ингэж ярина.

-1939 оны намрын эхэн сарын үед Халхын гол, Мана уул, Нөмрөг голын дагуух сав нутагт болсон дайсны мянга орчим цэрэгтэй Монгол-Зөвлөлтийн хүч нэмэгдүүлсэн анги, салбарууд, түүний дотор манай заставынхан оролцсон шийдвэрлэх тулалдаан болсон юм. Тэр өдөр дайсны онь холбосон галд өртөн эмээлийн урд бүүргээ зад буудуулан, аарцгандаа 2 удаа хүнд шарх авч морьтойгоо харуулдан унажээ. Энэ үеэр дайсны олон онгоц манай талын байрлалыг бөмбөгдөж, бас дээрээс нь пулемётоор шүршиж байлаа. Түүнээс цааш юу болсныг би мэдэхгүй ухаан алдсан байлаа. Зөвлөлтийн цэргийн салаан дарга болон 5 дугаар заставаас нь нэлээд хүн алагдаж шархаджээ. Энэ тулалдаан дууссаны маргааш нь манай заставын пулемётын наводчик Лувсанцэрэн, байлдагч Хөхөлдэй нар тулалдааны талбарт самналт хийж яваад намайг ухаангүй хэвтэж байхад олж ангийн байрлалд авчирсан юм билээ. Би аарцгандаа 2 удаа хүнд шархдаж, ар нуруундаа 13 удаа бөмбөгний ширэмний хэлтэрхийд шивүүлж үхлүүт шархдсан байлаа. Ингэж л тэр энэ нутгийн ард түмний дунд мөнхрөн “Баатар Санги” хэмээн алдаршсан хүн билээ. Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсан Гэндэнсономын Санги хэмээх тэр ханхар, сайхан өвгөнийг эргэн санах бүрийд:

Бурангуй орчлонд хүн шиг явсныг нар мэднэ

Бууны хараанд чоно шиг амьдарсныг сар мэднэ

Эрхэн хэлхээ шиг он жилүүдийн эмээл дээр ургасан уул

Эрх чөлөө, үнэний төлөө эмээл дээр урагдсан туг хэмээн яруу найрагч Ж.Мөнхбатын шүлгийн мөрүүд санаанд буудаг юм.

 

Дарга Санги буюу домогт мӨнхӨрсӨн Санги

Санги гуай 1940 оны 11 дүгээр сард цэргээс халагдан орон нутагтаа ирээд багийн дарга, хоршооны дарга зэрэг ажлыг олон жил хийж явсан юм. Түүний хэлж, ярьж байсан үгнээс ард түмний дунд домог болон өнөө үед дурсагдан яригдаж байгаа заримаас өгүүлье. Тэр хоршооны дарга байхдаа ажил алба нь өөдрөг байснаас Хоршоодын холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцох завшаан тохиож, хурлын индрээс Санги гуай хөдөөгийн ард түмний амьдрал, хоршоодынхоо тухай уран гоё үгээр илтгээд индрээс буужээ. Хурлын нарийн бичиг нь Санги гуайн хэлсэн үгийг тэмдэглэн авч чадаагүй юм уу, аль эсвэл бүрэн эхээр авъя гэж бодсон юм уу, хэлсэн үгээ бичсэн цаасаа өг гэхэд нь барьж байсан хоосон цаасаа өгчээ. Нарийн бичиг тоглоом хийлээ гэж уурлахад нь:

Миний өвөг дээдэс

Албан хэргийг алд биендээ шингээж

Амаараа гэрчилж байсан болохоос

Ам цагаан цаасан дээр буулгаж

Айлчлах дайсанд өгөөш болгож байгаагүй юм аа гэж хэлээд яваад өгсөн гэдэг.

Ер нь Санги гуай бэлэн цэцэн үгтэй, ямар ч үед хэлэх гэсэн үгээ донжийг нь тааруулан өгч, түгдэрч түүртэлгүй шүлэглэн хэлдэг хүн байсан юм. Нэг удаа сайхан жороо морьтой сайрхуу, сагсуудуу залуу ирж миний морь ямар морь байна гэхэд: Морийг нь харахад сайн ч морь, сайхан ч морь байна даанч:

Туух нь халцархай

Туруу нь сэтэрхий

Сүүл нь годон

Сүвээ нь нимгэн болж орхиж дээ гэж сайхан морийг муухай эдэлсэн сайрхуу залууд сануулга өгчээ.

Ахмад дайЧин Санги буюу ухна, хуцны Санги

Би ширвээ сахалтай, том алаг нүдтэй, ширүүн харцтай сайхан эрийн тухай бус алаг нүдэнд нь гуниг харууслын өнгө суусан, атираат нүүрэнд нь хатуу, хүтүүг амссаныг илчилсэн ооч цагаан сахалтай өвгөн Сангийн тухай дурсамжаа үргэлжлүүлэн бичиж байна. Эрийг нас, уулыг цас даржээ. Тэрээр 1980-аад онд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд ухна, хуц хариулан Өвөр өнцөөр нутаглаж байсан юм. Тийм болохоор хүмүүс түүнийг голдуу “Ухна, хуцны Сангийнх” гэнэ. Сургууль, эсвэл пионерын байгууллагаас ахмад дайчин Сангитай үе үе уулзалт зохион байгуулна. Нас өндөр гарсан цагаан сахалтай ханхар өвгөн Халхын голын дайны тухай, дайнд оролцож явсан тухайгаа сэтгэлд хоногштол сайхан ярина. Хувьсгалт Монгол орноо хамгаалах гэж хуйхтай толгойгоороо тангарагласан болохоор хойш ухарч зайлах зам байхгүй. Хоёрыг албал хожоо, нэгийг албал нэмэр гээд л улайрна шүү дээ гээд доош тонгойн биднийг ажих нь ёстой л атаат дайсан руугаа анаж байгаад дайрах гэж байгаа мэт сүртэй харагддагсан. Олон жилийн тэртээх үйл явдлыг өчигдөр, уржигдархан болсон юм шиг он, сар, өдөртэй нь ярина. Үнэхээр уран цэцэн үгтэй тэрээр яриагаараа биднийхээ төлөө, өнөөгийн Монгол орны төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан хатан зоригт ахмад дайчдыгаа хүндэлмээр, хайрламаар, бахархмаар болгодог байсан юм. Г.Санги гуайн нуган хөвгүүд болох Цэдэндорж /Монгол Улсын гавьяат жүжигчин Түвшинтөгсийн аав/, Батдорж, Лувсандорж, Гончигдорж нар нь Улаанбаатарт, хүү Сэрэмбэ, охин Дорждулам нь Баянхонгорт сайн сайхан амьдарцгааж байна.

Зовлонг зоолсон сэтгэл гундаж

Зовж үзсэн зүрх мартдаггүй болохоор

Дайны хүндийг биеэрээ амсаж

Дайчин нөхдөө үрэгдэхийг олон удаа үзэж явсан Г.Санги гуай аугаа эх орны дайны үед ч нутагтаа багийн дарга хийж байхдаа Зөвлөлтийн улаан армид туслах ард түмний хөдөлгөөнийг идэвхтэй зохион байгуулан: -Бидний шар толгойтой ах дүүс рүү, аюулт зэвсгээ онилоод Гитлерчүүд дайрч байна, алив ах дүү, ард түмэн минь тусал. Агт морь, атан тэмээгээ бэлэглэ гэж уриалан, өөрөө агт морь 10, бие төгрөг 300-г бэлэглэж байжээ.

 

Шонх овогт Даржаагийн ЦЭРЭНДУЛАМ

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811368
Өнөөдөр зочилсон 3126
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.