Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ФРОНТЫН СОНИН
ФРОНТЫН СОНИН
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын дайны эхний өдрөөс “Улаан Одон” сонин  Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдааны үйл ажиллагааг цэрэг, олон түмэнд сурталчилж, буудагчид, их буучид, нисгэгчид, танкчид бусад төрлийн цэргийн дайчдаас ялах эрдэмд сайтар суралцаж, баатарлаг үйлстэн болохыг уриалж байв.

Тус сонины редакц цэргүүдийн сэтгэл зүрхэнд эх оронч, дайчин уламжлалын галыг асаах, болж өнгөрсөн тулалдаан бүрийн сургамж, дүгнэлт, туршлагыг сурвалжлан дэлгэрүүлэхэд нийтлэлийн сэдвээ чиглүүлэх зорилгоор Цэргийн дээд командлал, Улс төрийн газрын шууд удирдлагын дор ажиллах фронтын “Эх орны төлөө” сонины зөвлөл  байгуулан шилдэг ажилтан, сурвалжлагч нараа фронтын шугам руу илгээжээ.

“Эх орны төлөө” сонин нь фронтын хүнд хэцүү нөхцөл байдлын дунд төр, засгийн бодлого шийдвэр, Бүх цэргийн жанжны тушаал, анги, нэгтгэлийн баатарлаг дайчдын тухай өргөн нийтэлж, монголын ард түмэн фронтын ар талд унтах нойр, идэх хоолоо умартан хөдөлмөрлөж, цэрэг дайчидтайгаа зүрх сэтгэлээрээ хамт “байлдаж” байгааг тогтмол мэдээлж байв.

Фронтын сонины шинэ дугаар ирэхэд дарга, цэргүүд ар гэрээсээ захидал авсантай агаар нэгэн баяр хөөр болдог байсан гэдэг. Фронтын сонины шинэ дугаарыг дайчид нуувч дамжуулан шимтэн уншиж, эрэлхэг дайчдын үлгэр дууриалаас суралцан, эр зориг гавьяат үйлсийг нь бахархан ярилцдаг байлаа. Сонины үг, өгүүлбэр бүр дайчдын урам зориг, идэвх санаачилгыг өрнүүлж, хар буруу санаалж ирсэн харийн түрэмгийлэгчдийг үзэн ядах үзэл бодлоор “зэвсэглэж” байв.

Фронтын сониныг эрхэлж явсан хурандаа генерал С.Равдан дурсамждаа: “Сонин хэвлэлийг хээр гаргах туршлагагүй, материалын хангалт муу, ажиллах хүч цөөн байсан боловч үргэлжилсэн тулааны 130 гаруй хоногт “Эх орны төлөө” сонины 80 дугаар гаргаж 1000 шахам өгүүлэл, мэдээ нийтлэж байсан. Фронтод тулалдаж буй дайчдын хамгийн ойрхоны нөхөр, зоригжуулагч хүчин зүйлийн нэг нь “Эх орны төлөө” сонин болж хүн бүрийн өвөрт удаан хадгалагддаг байсан бөгөөд зарим хүнд энэ сонины дугаар насан туршийн дурсгал болон үлдсэн байдаг. Энэ сонин 1939 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 10 хүртэл бүгд 80 дугаар гарсан юм. “Эх орны төлөө” сониныг анхны үед Тамсагбулагт гаргаж байсан боловч фронтоос хол, мэдээ, материал авч, сурвалжлах ажил удаашралтай байсан учир 6 дугаар сарын сүүлчээр Хамар давааны нэгэн жалганд нуувчин дотор гаргах болсон билээ.

Сонины анхны дугаар 1939 оны зургадугаар сарын 7-нд гарч, мөн оны аравдугаар сарын 18-нд 80 дахь дугаараа гаргаснаас одоо Батлан хамгаалахын төв архивт 75 дугаар (2,4,19,46,56 дугаар нь дутуу) хадгалагдаж байна.

Сонинд нийтлэгдсэн зүйлс нь маш товч бөгөөд тодорхой, цэрэг эрсийг ялалт амжилт, баатарлаг үйлсийн төлөө уриалан дуудсан, баримт материал нь үнэн бодитой, шинэ сэргэг байхад сонины редакц ихээхэн анхаарч байжээ.

Харин бичлэгийн төрөл зүйлийн хувьд сонины дугаар бүрт тэргүүн өгүүлэл гарч, дайн тулаанд баатарлаг гавьяа байгуулагсдын тухай сурвалжлага, байлдааны болон олон улсын мэдээ голлож байна. Тэрчлэн ар талаас фронтод илгээсэн захидал, дайчдад хандсан зөвлөмж, тэргүүний хүмүүсийн туршлага зэрэг бичлэгийн олон төрөл зүйлийг хамарч байжээ. Ялангуяа Халхын голын дайны тухай мэдээг цаг алдалгүй, үнэн бодитойгоор уншигчдад хүргэхэд сонины редакц онцгой анхаарч байжээ. 

Сонин нь хэдийгээр хэмжээний хувьд жижиг ч гэсэн хүн хүч багатай, мэдээллийн багтаамж ихтэй, дугаарууд нь ойрхон гарч байсан учир сонины эрхлэгч С.Равдан, мэдээ боловсруулагч Балчиндорж нар маш шаргуу ажиллахаас аргагүй байжээ. Энэ тухай сонины эрхлэгч С.Равдан дурсамждаа “Сонинг бид хээр окопт гаргадаг байсан юм. 2 машинтай, нэг нь өрдөг, нөгөө нь хэвлэдэг. Сонины мэдээг өөрийн сурвалжлагчаар дамжуулан авах ба мөн штабын нэгдсэн мэдээнээс авч байсан. Анхандаа манай сонины газар машин уналга байгаагүй ба мөн холбоо ч байхгүй байсан билээ. Бид сониноо тасралтгүй гаргаж, үүрэгт ажлаа биелүүлэхийн төлөө замын унаа дайвраар их явдаг байсан. Сонинд бичих, бэлтгэх материал тун их, сонин захиалж авах ч их ажилтай.  Сониныхон  маш идэвхтэй ажиллаж байв. Учир нь хүмүүс Халхын  голын байлдааны мэдээг олж унших гэж ихэд  хүсдэг байв.

…Сонины мэдээг шалгахад хүнд байсан учир сонинд бичих материалыг хорооны комиссарууд, намын товчооны дарга нарыг цуглуулж ярьж хэлэлцэж, боловсруулж бэлтгэдэг  бөгөөд үнэн хэрэг дээр комиссарууд  манай сонины товчлох сурвалжлагчид байсан юм.

Тэд фронтын дарга, улс төрийн тушаалтан, байлдагчдаас ирүүлсэн мэдээг шалгаж, сонины газар ирүүлдэг байлаа. Гадаадын мэдээг фронтын улс төрийн хэлтэс радиогоор шууд хүлээн аваад бидэнд өгч байсан. Тэр мэдээ нь манай сонины газарт их тусламж болно.  Хээрийн штабын нэгдсэн мэдээг бидэнд ирүүлж байсан нь  бидний ажилд их тус болж байсан” гэжээ.

Тус сонинд Халхын голд байлдаж байсан жирийн цэргээс төрийн тэргүүн, гадаадын нэртэй зохиолчид хүртэл бичсэн материалаа нийтлүүлж, Халхын голын байлдаанаас эхлээд улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, олон улсын цэрэг, улс төрийн байдал хүртэл өргөн хүрээтэй асуудлыг хөндөн бичиж байжээ.

Долдугаар сарын 21-ний №25-д “Буйр нуурын орчим газраар БНМАУ ба Манжуурын үнэхээрийн хил” гэсэн сонирхолтой өгүүлэл нийтлэгджээ. Үүнд, долдугаар сарын 14-ний өдрийн Москвагийн төвийн сонингуудад 1919 онд Бээжин хотод хэвлэгдсэн альбомоос буулган авсан зургийг нийтлүүлж, доорхи тайлбарыг хийсэн тухай мэдээлжээ. Тэрээр Япон, Манжаас БНМАУ-д довтолсноо БНМАУ-ын хил ба Манжуурын хилийг Буйр нуураас зүүн тийш ба зүүн өмнө тийш Халхын голын дагуу байсан гэсэн зохиомол зүйлээр зөвтгөхийг оролдож байна. Гэтэл үнэн хэрэгтээ БНМАУ-ын хил нь Манжууртай хэзээ ч Халхын голоор зааглагдаж байгаагүй, харин хэзээ ямагт Халхын голоос зүүн тийш Хулд уулын овоо ба Номун хан, Бүрдийн овоогоор зааглагдаж байжээ. Үүнийг 1919 онд Бээжинд хэвлэсэн энэхүү зураг нотлох бөгөөд БНМАУ-ыг тогтоосноос хойш тус улсын хилийн харуул нь энэ шугамаар байсаар ирсэн хэмээн бичсэнийг мэдээлээд, Япон, Манжуурын зүгээс БНМАУ-ын хилийг Халхын голоор буй хэмээн гүтгэж буй нь ямар ч батлагдах баримтгүй худал зүйл болохыг бичжээ.

“Эх орны төлөө” сонин нь Халхын голын дайны үед МАХЦ-ийн дайчдад Халхын голын байлдаан, Монгол, Зөвлөлтийн армиудын ялалт амжилт, тэрчлэн тухайн цаг үеийн олон улсын байдлын талаар цаг алдалгүй үнэн, бодитой мэдээллийг түгээх гол хэрэгсэл, дайны хүнд бэрхийг үүрч, галын шугаман дээр тулалдаж байгаа дайчдад эх орон, ард түмнийхээ төлөө амь хайргүй тулалдах сэтгэлийн хат, хүсэл тэмүүлэл, эр зоригийг хайрлагч хүчтэй зэвсэг болж байсан юм. Энэ чанараараа “Эх орны төлөө” сонин нь Халхын голын дайны ялалтад багагүй хувь нэмэр оруулсан юм.

“Эх орны төлөө” сонин бол монгол цэргийн түүхэнд төдийгүй, Монголын сэтгүүл зүйн түүхэнд  цорын ганц фронтын сонин юм. Ийм учраас энэ сонин болон түүний эрхлэгч С.Равдан, мэдээ боловсруулагч Балчиндорж нар монгол цэргийн болон монголын сэтгүүл зүйн түүхэнд цаг ямагт онцгойлон бичигдэж байх учиртай. Иймд  дайны хүнд нөхцөлд сонин эрхлэн гаргаж байсан хүмүүсийн талаарх судалгаа, сурталчилгааны ажлыг улам гүнзгийрүүлж, түүхэнд зохих байр суурийг  эзлүүлэх нь чухал юм.

“Эх орны төлөө” сонин нь өдгөө Халхын голын дайны түүхийг судлахад үнэ цэнэтэй баримт болох учиртай. Дайны халуун цэгт хэвлэгдэн гарч, тэрхүү дайны үйл явц, баатарлаг байлдаж буй анги, салбар, цэрэг дайчдын тухай, тэрчлэн тухайн үеийн монголын төдийгүй, дэлхий дахины байдлыг хамгийн шуурхай, хамгийн үнэн бодитой мэдээлж байсан энэ сониноос өдгөө бид Халхын голын дайны тухай сонирхолтой баримт материалуудыг олж, судалгаандаа ашиглах замаар Халхын голын дайны түүх судлалыг шинэ агуулга, үнэн  баримт материалаар баяжуулах боломжтой юм.

 

Тус сонины ялалтад оруулсан хувь нэмэр, ухуулга сурталчилгааны үүргээ амжилттай биелүүлсэн зүтгэл чармайлтыг төр, засгаас өндрөөр үнэлж байсны нэг тод илрэл нь байлдааны дараа энэ сонины бүх ажилтан, ажилчдыг одон, медалиар шагнасан явдал юм.

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811371
Өнөөдөр зочилсон 3129
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.