Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛД
ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛД
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Уран зохиол бол амьдралын дэлгэц юм. Түүх намтар бол бүр биш. Тийм ч учраас аливаа үндэстэн, ард түмний амьдрал гагцхүү уран зохиолоор л дамжин үе үеийнхний оюун санааг баяжуулдаг.  Өнгөрсөн, одоо, ирээдүйн холбогч гүүр нь уран зохиол л байдаг. Монголын уран зохиолын шинэ үеийн төрөл хэлбэр, бичлэгийн арга барилд дайны сэдвээр дагнан туурвидаг уран бүтээлч ховор ч дайны сэдвээр бичигдсэн зохиол бүтээл элбэг бий. Нийгмийн амьдралд нөлөөлөхүйц өргөн цар хүрээтэй түүхэн үйл явдал уран зохиолд бичиглэгдэн үлдэх нь тухайн цаг үе, үзэл бодол, сэтгэл зүйн өөрчлөлтийн бодит тусгал болдог учраас түүхэн сэдэвт зохиол гэдэг бие даасан ангилал, бичлэгийн өвөрмөц төрөл хүртэл утга зохиолд бий болжээ.

            Монголын утга зохиолын шинэ үеийн анхны тууж, романууд ардын хувьсгалын ялалт, нийгмийн болоод хүмүүсийн оюуны, үзэл бодлын, хөгжил дэвшлийн асар өргөн хүрээтэй өөрчлөлтүүд дүрслэгдэн үлдсэн байдаг. Үзэл суртал, уран сайхны болон бодит үнэн, төөрөгдөл, гажуудал, зохиолчийн хэнд, юунд үйлчилж бичсэн зэргийг энд дурдах шаардлагагүй.

            Халхын голын дайны сэдэв нь дөч, тавь, жар, далаад оны яруу найраг, үргэлжилсэн үг, тайз дэлгэцийн бүтээл болон энэ цаг үеүдийн уран бүтээлчдийн бичлэгт ихээхэн туссан байдаг. Ахмад үеийн нэрт зохиолч Д.Сэнгээ, Ц.Уламбаяр, Д.Тарва, Д.Даржаа, Б.Бааст, Ж.Лодой нарын олон зохиолчид Халхын голын дайны халуун мөрөөр явж, дарийн утааны үнэр нь арилаагүй шахам байсан цэрэг дайчидтай уулзаж, Халхын голын дайны сэдэвт анхны бүтээлүүдийг туурвижээ.

            Халхын голын дайны сэдэвт уран бүтээлийн эхлэл нь халуун мөрөөр нь буюу газар дээрээс нь бичигдсэн, өөрөөр хэлбэл дайны талбарт тавигдсан байдаг юм. “Улаан од” сонины дайны талбарт “Эх орны төлөө” нэртэй фронтын сонин гаргаж, фронтын сурвалжлагч Д.Сэнгээгийн шүлгүүд анхлан хэвлэгджээ. Түүний шүлгүүд энэ дайнд ялахыг уриалсан, эх оронч, намч шүлгүүд байсан хэдий ч энэ сэдвээр дараа үеийн олон зохиолчид бичихийн эхлэл болсон юм. К.Симиновын алдарт “Жди мня” шүлэг Халхын голын дайны гал утаан дунд бичигджээ. Улаан армийн фронтын сурвалжлагч К.Симинов энэ шүлгээ Халхын голд байлдаж байсан орос цэргүүдийн хайртай бүсгүйдээ илгээх захидалд бичиж өгдөг байжээ. Манай алдарт “Амрагийн дуу” дайны болон цэргийн сэдэвт бүтээлийн охь манлай болон хэдэн арван жил эгшиглэсээр байна. Түүх гэдэг зөвхөн архивын материалаар хэмжигдэхгүй. Ард түмний туулсан амьдрал, тэмцэл, үйл хэргийн хамгийн бодит тусгал нь уран зохиол байдагтай маргаж цаг алдах хэрэггүй. Манай орны нутагт гурав дөрвөн тал оролцсон Халхын голын дайны хор уршиг, эрсдэл, сэтгэл зүйн хямрал, хохирол,  ялангуяа цэрэг эрсийн амьдралд нөлөөлж буй сөрөг талуудыг гагцхүү утга зохиолд уран сайхны арга, хэлбэрээр нээн харуулсан давтагдашгүй бүтээлүүдийг манай яруу найрагч, зохиолчид Монголын их утга зохиолын сан хөмрөгт оруулсан нь оюун санааны үнэт өв болон үлджээ.

            Зохиолч, яруу найрагчдын бүтээлүүдээс гадна сэтгүүлчдийн шуурхай бичлэг, мэдээлэл түгээлт, эрэл хайгуул Халхын голын дайнд оролцсон дайчдын гавьяа зүтгэл, эх орон олон түмнээ гэсэн чин сэтгэлийг үнэн мөнөөр нээн тодруулахад ихээхэн хөшүүрэг болсон билээ. Олон жил улиран одоход үйл явдлын гэрч цөөрч, үнэнийг тодруулахад бэрхшээлтэй байдаг. Дайнаас бүр хожим наяад оны үед сэтгүүлчдийн эрэл сурвалжлагын явцад өмнө нь төдийлэн сөхөгдөөгүй бодит материалыг олон нийтэд мэдээлж, дайны талбарт баатарлаг гавьяа байгуулсан ч үйл хэрэг нь бүдгэрсэн хэд хэдэн дайчдыг тодруулж, улсын баатар цол хүртэл нэхэн шагнаж байлаа. Ганцхан жишээ дурдая. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч А.Баярмагнай 1973 онд “Мөнхийн гавьяа” нэртэй эрэн сурвалжлах хөрөг найруулал бичиж “Улаан од” сонинд нийтлүүлэн өргөн хэлэлцүүлэг явуулж, үүний үр дүнд Төв аймгийн байлдагч Д.Самданд Улсын баатар цол олгож байлаа.

            Сод зохиолч Ч.Лодойдамбын бичсэн “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгийн монголын утга зохиолын өгүүллэг оргил бүтээлүүдийн нэг хэвээрээ байна. Халхын голын байлдааны хамгийн алдартай бүтээлүүдийн тоонд Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль”, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалууд зүй ёсоор орно. МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн анги дөнгөж төгссөн хорин дөрөвхөн настай залуухан Ш.Сүрэнжав Халхын голын дайн өрнөсөн талбарт очиж, түүх дурсгалтай танилцаж явахдаа ердөө цаг хүрэхгүй хугацаанд суугаад л:

         Халх голын хөвөөнд

            Ерэн баатар төржээ

            Халх голын хөвөөнд

            Ерэн баатар нойрсчээ

гэж хэлдэг алдарт найраглалаа биччихсэн байдаг юм. Үүнийг онгод энэ тэр гэхээсээ илүүтэй найрагчийн эх орноо, эрэлхэг хөвгүүдээ гэх сэтгэлийн их давалгаатай холбон ойлговол нэн зохилтой. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан Д.Пүрэвдорж Москва-Улаанбаатарын галт тэргэнд оюутан голдуу залууст “Хөх чисжүү тэрэг” нэртэй найраглал уншиж явжээ. Тэр галт тэргээр зорчиж явсан, Халхын голын дайнд оролцсон, комиссар хэмээн алдаршсан Пэлжээ гуай залуу яруу найрагч бичсэн бүтээлээ ямар гал цогтой, омог бардам бас уянгатай уншиж байгааг бишрэн чагнажээ. Пэлжээ комиссар “Сайхан зохиол юм. Ах нь ганцхан л санаа хэлье. Чисжүү гэдэг чинь торго уу, даалимбан тэрлэг гэвэл арай ойрхон сонсогдох байх” гэжээ.

Халх голын дайн зөвхөн

Халх голын дайн байсангүй

Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн

Хамаг ардын дайн байлаа

хэмээн бичсэнээрээ Д.Пүрэвдорж энэ дайны цар хүрээ, мөн чанарыг номын үзэл суртлын хүрээнээс ч хавьгүй өндөрт гаргаж уншигчид, ард түмний зүрх сэтгэлд улам ойртуулж өгсөн юм. Дайсны сэдвээр зохиол бичих нь хор хохирлыг тоочих, ялалтыг магтан дуулахдаа биш эгэл жирийн хүмүүсийн сэтгэл зүйг нээн гаргадгаараа ихээхэн онцлогтой байдаг. Яруу найрагч П.Бадарч цэргийн хуаранд ажиллаж амьдарч, хилийн торгон шугам дээр олон хоногийг үдсэн хүний хувьд цэрэг, эх орон, дайны сэдвээр олон шилдэг бүтээл туурвисан бөгөөд тээр жил Баянцагааны нуруунд өглөө эрт сэрсэн тэрбээр хоёр гараа алдлан суниахдаа дөрвөн мөр хэлсэн нь хожмоо олны сонорт хүрч ихэд алдаршсан “Халх голын өглөө” дууны дахилт байлаа. Зохиолч яруу найрагчид амьдрал дунд орж, өөрийн нүдээр харж, зөн билгийн мэдрэхүйгээр тэмтэрч,  сэтгэлээрээ уусан нэгдэж байж сайн бүтээл төрүүлдгийн тод жишээ энэ л дээ.

            Халхын голын дайны сэдвээр хэд хэдэн үеийн зохиолч, яруу найрагчид багагүй бүтээл туурвисны дотор С.Пүрэв, П.Пүрэвсүрэн, Л.Чойжилсүрэн, Р.Сайжаа, яруу найрагч С.Оюун, Д.Чинзориг нарын олон уран бүтээлчид Халхын гол руу томилолтоор очиж, ахмад дайчидтай биечлэн уулзаж, сэтгэл гарган хөдөлмөрлөсний үр дүнд үнэнийг нээн харуулсан тууж, өгүүллэг, дуу шүлэг, найраглалаар Монголын утга зохиол баяжсан билээ. Яруу найрагч бүр л дайны сэдвээр өөрийн цаг үедээ бичиж байсны дотор цөөхөн атлаа сэтгэлгээний хувьд өвөрмөц шүлэг бичиж үлдээсэн нь яруу найрагч Долгорын Нямаа юм. Тэрбээр:

         Аавыг минь

            Дайн аваад явсан

            Аав минь

            Дайныг аваад явсан

            Аав ч ирэхгүй

            Дайн ч ирэхгүй

            Аав дайн хоёр

            Аль алиныгаа

            Амьд үлдээгээгүй

гэж бичсэн нь олон яруу найрагчдыг дайны сэдвээр бичихэд мухардалд оруулсан ч байж мэднэ. Баянцагааны нуруу арлан алдарт Ерэн баатрын хөшөө чиглэн явж байхдаа би, Халхын голын баруун эргийн тэгш талаар  Ханан хөшөөний дэргэд түр саатаад хөдлөв. Тэндээс тийм ч холгүй нэгэн булштай тааралдлаа. Монгол Улсын баатар Экейн булш ажээ. Тэрхэн агшинд би Долгорын Нямаа ахайтны бичсэн

Эх орныхоо баруун хязгаарт

Эхний амьсгалаа авлаа

Эх орныхоо зүүн хязгаарт

Эцсийн амьсгалаа өглөө

гэсэн гайхалтай, давтагдашгүй дөрвөн мөрийг амандаа шивнэж, баатрын өлмийд хүндэтгэл үзүүлэн зогсож байсан даа.

   Халхын голын байлдааны тухай, цэрэг дайчдын амь эрсэдсэн, амь дүйсэн тэмцлийн тухай зохиолч, яруу найрагчид олноороо бичиж байсан нь хэрэгт дуртайдаа гэвэл эндүүрэл. Бодит үнэнийг уран сайхны аргаар нээж харуулах ур чадварын асуудал хөндөгдөн үзэл суртал, намын даалгавар зэрэг хяналтын олон шалгуурт нийцүүлэн бичиж байсан хэдий ч Халхын голын байлдааны мөн чанарыг гажуудалгүй уншигчдад хүргэж чадсан гэдэгтэй олонх санал нийцэх буй за! Нөгөөтэйгүүр энэхүү дайн нь хүмүүсийн сэтгэл зүйд ямархан нөлөө үзүүлсэн, тухайн цагийн түүхэн үйл явц, ялангуяа ахуй амьдралд яаж туссан хандлагыг гаргаж чадсанаараа Халхын голын сэдэвт зохиолууд түүхэн ач холбогдолтой.

Тухайн сэдвээр зохиол бүтээл туурвихад уран бүтээлчдийг томилж байсан туршлага ч бас бий. Далаад оны сүүлчээр С.Дашдооров гуайг мэргэжлийн зохиолч хэмээн хошууч цол олгон БХЯ-нд ажиллуулж уран бүтээл хийх боломж нөхцлөөр хангаж өгсний үр дүнд “Нар хиртсэн жил” кино, “Дуут хонгор манхан” роман бичигдсэн билээ.

   1989 оноос “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг явуулж эхлэхэд залуу уран бүтээлчдийн зохиол бүтээлд ч Халхын голын сэдэв ажиглагдаж байлаа. Уран зохиолд нэг роман, нэг туужаар үйл явдлыг бүрэн харуулна гэж үгүй. Тийм ч учраас тухайн сэдвээр үе үеийн зохиолчид өөр өөр цаг хугацаанд туурвисаар байдаг.

Монголын шинэ үеийн уран зохиол дахь Халхын голын дайныг харуулсан бүтээлүүдээр үйл явдалд яг таг дүгнэлт өгөх гээгүй. Гагцхүү бодит үйл явдлыг нээн харуулахад орхидог зарчмаас огтхон гажаагүй, харин эдгээр бүтээлүүд нь нийгэм, уншигчдын өмнө гүйцэтгэх үүргээ үлэмж сайн биелүүлсэн гэж үзэх талтай. Уран бүтээл туурвихад нөхцөл бололцоо чухал. Хэн нэг нь зохиол бичих байх гэж хүлээх бус харин хэн нэгнээр зохиол бичүүлэх гэж нөхцөл бололцоог эрэлхийлбэл яг энэ сэдвээр өөр өнцөг, өөр цонхоор харсан өөр өөр  өнгө аястай атлаа нэг л зорилготой  зохиол бүтээл төрөх үүд хаалга нээлттэй байгаа билээ. Халхын голын дайны сэдвээр хойшид ч манай зохиолчид бүтээл туурвих нь эргэлзээгүй.

 

                                       МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.БАТНАЙРАМДАЛ

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5298558
Өнөөдөр зочилсон 2199
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.