Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ХИЙМОРЬТОЙ ОН ЖИЛҮҮД
ХИЙМОРЬТОЙ ОН ЖИЛҮҮД
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний жагсаалд залуу халуун насныхаа сэтгэл итгэлээр зүтгэж, ажил, амьдралынхаа алтан үеийг үдсэн офицер, ахлагч нар цэргийн тэтгэвэрт гараад нийгмийн бүхий л салбарт амжилттай ажилласаар байдаг билээ. Тэдний ажил үйлс, намтар түүхийг өгүүлэх “Дайчин анд минь хаана явна” буландаа Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, бэлтгэл хурандаа М.НЯМСҮРЭНГ урилаа.

Би 1954 онд Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Ухаагийн хутаг гэдэг газар төрсөн юм. 1973 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгсөж, аймгийнхаа Баацагаан сумын сум дундын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байгаад цэрэгт татагдаж, Зүүнбаян дахь Ардын цэргийн 136 дугаар ангид байлдагч-ариун цэврийн зааварлагчаар нэг жил алба хаагаад 1976 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академид элсэн орсон нь миний амьдралын хамгийн азтай, хийморьтой үе байсан юм.

       Зэвсэгт хүчний 120,132 дугаар ангиудад эмнэлгийн албаны даргаар 4 жил ажилласан. 120 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Доржханд, ар талын дарга, хурандаа Н.Чулуунхүү (гавьяат жүжигчин) нар ажиллаж байсан. Тус ангид 3 жил ажиллаад Зүүнбаянгийн 132 дугаар ангид эмнэлгийн албаны даргаар томилогдсон юм.

Тэр үеийн нэг хөгтэй явдлыг эргэн дурсъя. 1987 оны зун БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Ёндон манай ангийн ажил байдалтай танилцах боллоо. Ангийн захирагч, дэд хурандаа Төмөрбаатар (Цэргийнхэн түүнийг таван халуун гэж хочилдог байсан) намайг дуудаж “Чи сайдыг ирэхэд гал тогоог 1 ширхэг ч ялаагүй болго!” гэсэн хатуу мөртлөө хачин даалгавар өглөө. Цэргийн хүнд ахлах даргын тушаал, даалгавар  хууль тул биелүүлэхээс өөр аргагүй. Зуны аагим халуун, тэр тусмаа Зүүнбаянгийн халуун элс, хонхорт ялаа маш их байх. Эмнэлгийнхэнтэйгээ энэ тухай ярилцаад нэг шийдэлд хүрсэн нь химийн утаа тавих боллоо. Оройн хоолны дараа цэргийн гал тогоонд химийн утаат хайрцгийг шатааж, гал тогооны бүх цонхыг хаасан юм. Өглөө эрт иртэл гал тогооны гадна тал ханаар дүүрэн ялаа суусан байж билээ. Харин дотор талд нэг ч ялаа үлдээгүй. Ялаа хорт утаанд үхдэггүй, дайждагийг ингэж мэдсэн юм. Сайдыг ирэхэд цэргийн гал тогоог нэг ч ялаагүй байлгаж билээ. Эргээд санахад инээдэмтэй мөртлөө ажлын төлөө л явсан минь энэ шүү дээ. Тэр үеийн дарга нарын шаардлага үнэхээр хатуу байсныг ч бас илтгэж байгаа биз!

Цэргийн эмч заавал цэргийн ангиар дамжих ёстой гэсэн бичигдээгүй хатуу хууль үйлчилж байсны дагуу би цэргийн ангид 4 жил ажилласан, энэ маань надад их туршлага, сургамж хуримтлуулсан он жилүүд байсан юм.

Ажиллах хугацаандаа бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, халдварт өвчнийг бууруулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх , эрүүл ахуйн хяналтыг тогтмолжуулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажилласны үр дүнд хариуцсан эмнэлгийн алба маань “Армийн тэргүүний эмнэлгийн алба” болж “Улаан од” сонинд сурталчилагдаж байлаа.

Цэргийн ангийн эмч Цэргийн төв эмнэлэгт ирнэ гэдэг тэр үед хүн болгонд тохиолдоод байдаг томилолт биш байсан юм. 1987 онд Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд томилогдон, Мэдрэлийн тасагт туслах эмчээс тасгийн дарга-ахлах эмч зэрэг албан тушаалд дэвшин, 2000 он хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. Тэр үед ангийн дарга, дэд хурандаа Ж.Сэд, намын хорооны дарга, дэд хурандаа Б.Гүрсэд, эмнэлэг эрхэлсэн орлогч, хошууч Я.Цэен-Ойдов, мэдрэлийн тасгийн дарга, дэд хурандаа З.Сарантуяа нар ажиллаж байв. Туслах эмчээр 2 жил ажиллаад 1990 онд Мэдрэлийн тасгийн даргаар томилогдон ажилласан. Энэ үед Госпиталийн дарга, хурандаа Л.Баясгалан, эмнэлэг эрхэлсэн орлогч, хурандаа А.Даваасамбуу нар ажиллаж байлаа.

Би Цэргийн клиникийн төв эмнэлгийн мэдрэлийн тасагт туслах эмчээр томилогдон ирсэн тэр мөчөөс эхлэн миний амьдралд аз түшсэн, ажлын хувьд “буцалж” байсан он жилүүд байсан юм. Энэ үед би Цэргийн эмнэлгийн алтан үеийн ахмад эмч нартай хамт ажиллаж, тэдний арвин туршлагаас суралцаж байснаа одоо эргэн дурсахад нэн бахархалтай байдаг юм. Хурандаа С.Балгансүрэн, Ч.Балдир, Ж.Сэд, Л.Бямбаа, А.Даваасамбуу, Л.Баясгалан, Л.Жамбалжав, З.Мэндсайхан, Н.Нэрбишбаатар, Р.Дарьсүрэн, З.Сарантуяа, Ш.Хишигдэлгэр, Х.Должин, Ж.Найманжин,  Ш.Жаргалсайхан болон талийгаач А.Дарь, С.Цэвлээ, С.Оросоо, Б.Балгансүрэн, Ж.Баасантуяа, Б.Цэрэнбадам, Л.Жигжидсүрэн, Р.Ашуурраднаа, Э.Лхамжав, А.Сугиа, М.Даваа нар болон ахмад үеийн бусад эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан та бүхэнтэйгээ хамтран ажилласан он жилүүд миний амьдралын “алтан үе” байсан шүү.

1990 онд Налайхын их уурхайд гарсан дэлбэрэлтэд хордсон ажилчид, уурхайчдад мэдрэл хордлогын анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, тасгаа богино хугацаанд мэдрэл хордлогын тасаг болгон өргөтгөн ажиллаж байсныг эргэн дурсахад таатай бөгөөд бахархалтай байдаг юм.

2002 онд Баруун таван аймагт болсон зудны үеэр Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад Хүмүүнлэгийн тусламжийн багт эмчээр ажилласан нь цэргийн эмчийн гүйцэтгэвэл зохих үүргийн нэг байлаа.

Манай тасагт дан эрэгтэй эмч нар ажиллаж байлаа. Мэдрэлийн 7 харчуул гэж нэрлэдэг байв. М.Нямсүрэн, Д.Рэнцэндорж, Ж.Алтанхуяг, Б.Жамсран, Ж.Эрдэнэсүх, Ч.Эрдэнээ, А.Оч нар ажиллаж байв. Нэг удаа эмнэлгийн дарга, хурандаа А.Даваасамбуу манай тасгийн эмч нарыг өрөөндөө дуудсан юм. Бид 7-уулаа даргын өрөөнд ортол А.Даваасамбуу дарга “Хүүе, Нямсүрэн та нар чинь бүгдээрээ ингээд согтуу ороод ирвэл одоо би хаана нуугдах вэ?”  гэж хошигнож билээ. Яах аргагүй л даргын өрөөний талаар нь бид эгнэн зогссон байсан юм.

Эдгээр эмч нараас Алтанхуяг, Жамсран, Оч нар Польш улсад олон жил ажиллаж, амьдарч байна. Рэнцэндорж ЗХКТГ-д штабын даргаар, Эрдэнээ Налайхын ЭМН-д орлогч даргаар, Эрдэнэсүх бизнесийн салбарт ажиллаж, тэд маань өөр өөрийн амьдралын зам мөрийг даган сайн сайхан яваад баярлаж явдаг даа.

1990 онд мэдрэлийн тасгийн даргын ажлыг дэд хурандаа З.Сарантуяа эмчээс хүлээн авч, 2000 онд дэд хурандаа Х.Должинд хүлээлгэн өгсөн. Дан эрчүүд ажилладаг тасгийн даргын албыг би эмэгтэй хүнээс хүлээн авч, бас эмэгтэй хүнд хүлээлгэн өгч байлаа. ЗХЖШ-ын Хүн эмнэлгийн хэлтсийн даргаар дэвшин томилогдож 2000-2007 он хүртэл 7 жил ажилласан юм.

2005 онд ЗХЖШ-ын Хүн эмнэлгийн хэлтсийг Эрүүл мэндийн хэлтэс болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн ба Олон улсын Энхийг сахиулах ажиллагааны анхны багуудын эрүүл мэндийн бэлтгэлийг хангах ажлыг гардан зохион байгуулж байлаа. “Байнгын бие бүрэлдэхүүн – Эрүүл мэнд”, “Ангийн эмнэлэг”, “Зэвсэгт хүчний халдварт өвчинтэй тэмцэх”, “Стационарын бүрдмэл шинжилгээ”, “Гүүний саам, цагаан идээ сувилал” зэрэг төслүүд, “Диспансерын идэвхтэй хяналт”, “Иргэдийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх” зааврууд, “Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай”, БХЯ, ЭМЯ, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаал, “Цэргийн халуун ус, угаалгын газрын бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ууд болон хөгжлийн бодлогын гол баримт бичиг болох “Зэвсэгт хүчний эмнэлгийн байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулан “Биологийн тагнуул”, “Эмнэлгийн анхны тусламжийн гарын авлага”, “Эрүүл мэндийн холбогдолтой хууль, тогтоомж, тушаал, зааврын эмхэтгэл” зэрэг номуудыг бичиж хэвлүүлэн бие бүрэлдэхүүний хүртээл болгосон юм.

“НҮБ-ын  Хүн амын сан”,  “Монгол зөн” ТББ, “Гал голомт үндэсний хөдөлгөөн” болон Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан НҮЭМ, Бэлгийн боловсрол үндэсний хөтөлбөрийг Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж, цэргийн алба хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг анх удаа боловсруулж, БХЯ, ЭМЯ, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар батлуулан мөрдүүлж ажилласан нь үр дүнтэй ажил болсон юм.

1988 онд мэдрэлийн эмчийн мэргэжил олгох курс, 1992 онд мэдрэлийн эмчийн дээшлүүлэх, 2000 онд сэтгэцийн эмчийн дамжааг тус тус дүүргэж, 1997 онд мэдрэлийн эмчийн ахлах зэрэг, 2002 онд мэдрэлийн эмчийн тэргүүлэх  зэрэг, 1998 онд “Тархины битүү гэмтлийн дараах мэдрэл эмгэгийн хам шинж” сэдвээр анагаах ухааны магистрын зэргийг хамгаалсан бөгөөд ОХУ, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг орнуудад мэргэжлийн сургалтад хамрагдаж байлаа.

Цэргийн албыг 32 жил хаахдаа цэргийн эмчийн хариуцлагатай үүргийг гүйцэтгээд, хурандаа Ж.Найманжингээс хүлээж авсан ЗХЖШ-ын ЭМХ-ийн даргын ажлыг хурандаа Р.Даваадоржид хүлээлгэн өгч, цэргийн тэтгэвэрт гарсан юм. 2008-2009 онд Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төвд “Эрүүл Монгол хүн” Үндэсний хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар, 2009-2012 онд “Монгол эм импэкс концернд” Тамгын газрын даргаар, ЭМЯ-нд Магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч эмчээр ажиллаж одоо ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ-ийн ерөнхий захирлын албыг хашиж байна.

Амьдралын он жилүүдийн энэхүү өндөрлөгөөс эргээд харахад миний амьдралын алтан үе яах аргагүй цэргийн эмнэлэгтэй салшгүй холбоотой. Энэ л хамт олныхоо тус дэмэнд би өдий зэрэгтэй яваадаа Та бүхэндээ баярлаж явдаг шүү. Цэргийн эмнэлэг намайг энэ зэрэгт хүргэсэн юм.

 

 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811283
Өнөөдөр зочилсон 3041
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.