Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   БАЯНЦАГААНЫ ТУЛАЛДААН
БАЯНЦАГААНЫ ТУЛАЛДААН
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

1939 оны Халхын голын байлдааны гол үйл явдлын нэг нь Баянцагааны тулалдаан юм. Японы командлал энэ тулалдаанд бэлтгэн 170 их буу, танк эсэргүүцэгч 98 их буу, 164 пулемёт, 135 танк, морьт ба явган цэргийн ангиуд зэрэг цэрэг зэвсгийн ихээхэн хүч авчирч, Халхын голын баруун эрэгт Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэн устгаж, цааш давших төлөвлөгөөтэй байжээ. Тэгээд ч японы генерал Кобаяс, Ясуока нарын командалсан цохих хэсгийн давшилт долдугаар сарын 2-нд Баянцагааны чигт эхэлсэн юм.

Хөөрүү генерал Камацубар гэнэтийн ширүүн атак» хийж довтлох аргаа амжилт олно гэж найдаад итали, герман зэрэг орноос сурвалжлагч   ирүүлсэн     байв.

Долдугаар сарын З-ны өглөөнөөс ширүүн тулалдаан эхлэн японы тал алсын тусгалтай их буугаар галлан танкийн хүчээр дайрч давшжээ. Эхний өдрийн байлдаанд дайсан 50 танк, 10 их буу, 1000 гаруй цэргээ алдаж хүнд хохирол үзэв. Тэгэвч япончууд долдугаар сарын 4-нд сөрөх дайралт хийхийг оролдсон боловч Монгол-Зөвлөлтийн нисэх хүчинд хөөгдөн, их бууны хүчтэй галд сүйдсэн байна. Долдугаар сарын 5-нд дайсан бут цохигдож амьд үлдсэн хүч нь ухран Халхын голын зүүн эрэг өөд ухарчээ.

Баянцагааны тулалдаанд Монгол-Зөвлөлтийн дайчид зориг баатарлагийн жишээг үзүүлж ялалт байгуулсан юм. Зөвлөлтийн 36 дугаар дивизийн 24 дүгээр хорооны батальоны даргын үүрэг гүйцэтгэгч ахлах дэслэгч В.Н. Кожухов долдугаар сарын 3,4-ний байлдаанд батальоноо чадамгай удирдан дайралтад орж, дайсны хориглолтыг бут цохин 300-аад амьд хүч устган, зургаан автомашин олзолжээ. В.Н.Кожухов тулалдаанд орохдоо «Хэрэв амь үрэгдвэл намайг коммунист гэж тооцоорой» гэсэн өргөдөл бичиж, комиссартаа өгөөд явж байжээ.

Танкийн 11 дүгээр бригадын 3 дугаар батарейн ротын дарга, ахлах дэслэгч А.В.Кукин ганцхан өдрийн тулалдаанд дайсны 2 рот явган цэрэг, танк эсэргүүцэх их бууны 3 батарейг устгажээ. Мөн 1 дүгээр батальоны ротын ахлах механикч жолооч М. С. Аношин дайсны хориглолтын шугамд нэвтрэн орж, бүтэн хагас өдөр тулалдаад сум галт хэрэгслээ дуусган японы   бүслэлтээс явганаар гарч ангидаа ирж байжээ.

Монголын 8  дугаар морьт дивизийн Ч.Дугаржав даргатай 23 дугаар хороо, Шагдар   даргатай хуягт дивизонууд Баянцагааны тулалдааны эхний өдөр 3-5 удаа зуун амьд хүчийг устгаж байв. Мөн 23 дугаар морьт  хорооны танк эсэргүүцэх бууны салааны дарга В.Шарав японы хоёр их буу, танк, хуягт ачааны машин, хүнд хөнгөн пулемётын цэгийг түргэн галаараа сөнөөжээ.

Баянцагааны байлдаанд дайсан 64 нисэх онгоцоо алдаж, 2000 гаруй цэраг офицероо устгуулж, зэвсэг техникийн ихээхэн хохирол үзэж, генерал Камацубарын «гэнэтийн ширүүн атакаар бүслэн авч устгах» төлөвлөгөө балран унасан билээ.

Долдугаар сарын 6-наас 12-ныг хүртэлх хугацаанд дайсан удаа дараа довтлон тасралтгүй тулалдаж байсан боловч бас л амжилт олж чадалгүй бут цохигдож байсан юм. Баянцагааны тулалдаанд зөвлөлтийн     армийн Н.П. Яковлевийн танкийн 11 дүгээр бригад, И.М.Ремизовын 149 дүгээр хороо, И.И.Федюнинскийн 24 дүгээр хороо, монголын ардын армийн хурандаа Л.Дандарын командалсан 6 дугаар морьт  дивиз онц гарамгай байлдсан байна. Баянцагааны тулалдааны талбараас A.В.Кукин, А.И.Киселев. М.С.Аношин, В.А.Аминев, В.Н.Кожухов, Н.С.Задорин, А.Ф.Васильев, К.Н.Абрамов, Г.М.Михайлков. М.П.Яковлев, И.М.Ремизов нарын олон баатрууд төрөн гарсан билээ.

Өнөөдөр Баянцагааны нуруун дээр танкийн 11 дүгээр бригадын дарга, ЗХУ-ын баатар М.П.Яковлевийн хүчит хүлэг-танкийн хөшөө ялалтын билэг тэмдэг болон зогсоно. Түүний хажуу дахь сүрлэг багана монголын ард түмний аз жаргалын төлөө амь биеэ үл хайрлан тулалдаж явсан баатарлаг эрсийн чин шулуун зоригийг илтгэх мэт мөнх хөх тэнгэр өөд цойлон байна.

                                                                        Ю.Санжаагончиг

                                                                        1979 он

 

 

 

 

 

 

 

 

 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186226
Өнөөдөр зочилсон 776
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.