Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ЗОРИГТНУУД
ЗОРИГТНУУД
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

Нарлаг монголын дорнод талд үүр манхайтал цайв. 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө таван цаг хагаст монгол, зөвлөлтийн арми фронтын бүх шугамаар давшилтанд орлоо.

Ахмад Василий Копцов захирагчтай танкийн батальон Халхын голыг гаталж Ремизовын өндөрлөгөөс зүүн урагш хоёр км зайтай орших Элсэн өндөрт байгаа дайсны бэлтгэл хүчийг устган танкийн 11 дүгээр бригадтай хүч хавсран тулалдах байлдааны тушаал авсан байлаа.

Ахмад В.Копцов батальоноо удирдан дайсантай буудалцсаар давшиж явахад нь фронтын сонины сурвалжлагч Константин Симоновын дайны гал утаан дунд бичсэн «Дөнгөж өрхөө хаагаад Баянцагааныг чиглэн

Дөчин дөрвөн танк барс шиг дайран орлоо

Газрыг сум онгилж, гаднах хуягт цойлж

Гал далай руу, ган далай руу орлоо...» гэсэн шүлгийн мөр   аяндаа орж ирж байв.

Танкууд дайсны байрлаж, бэхлэлт хийсэн Элсэн, Ногоон хэмээх нэртэй хоёр өндрийг чиглэн хурдална.

Давшилт эхэлснээс хойш гурав дахь өдөр монгол, зөвлөлтийн цэргүүд дайсныг бүслэн буудлагын ангиуд танк, нисэх хүчинтэй хавсран дайсны хориглолтыг хэсэглэн цохисоор байв.

Цамхагийн бууч Мажников япончуудыг их   буугаар буудангаа,

- Дайсны сум хуяг дээр тусч байна гэж мэдээлэхэд Копцов,

- Яахав!   Японууд буудаж л байг!   гэж тайван хариулаад өөрөө пулемётоор галлаж байв. Зүүн жигүүрээс дайсны явган цэргийн цуваа давшиж байгаа харагдав.

Копцов механикч жолооч Калининд тэднийг довтлон сөнөөх тушаал   өглөө. Машин хурдаа нэмэн эргэж самурай нар руу дайран ороход Копцов эхний эгнээнд яваа дайснуудыг их буугаар хэд галлаад арагш ухасхийн очиж пулемётоор шүршин дайсны галын цэгийг устгав. Мажников ч буудсаар... Япо-нууд суманд өртөн хяргуулж, үлдсэн хэсэг нь эргэн зугтаж, элст хонхроор нуугдаж хориглон байлдсаар байв. Танкчид давшин байлдсаар элсэрхэг хотгорыг өнгийтөл танк нярхийн дороо зогсчихов. Механикч-жолооч Калинин тэвдсэн дуугаар:

- Ахмад аа! Гинж тасарчихлаа гэж мэдэгдэв. Эргэн тойрон ганц ч танк харагдсангүй. Тэд батальоноосоо холдон салсан бололтой. Гэсэн ч дороо эргэлдэн дайсанд өндийх зав өгөхгүй ширүүнээр галласаар байлаа. Японууд тэдний танкийг эвдэрснийг мэдээд эргэж довтоллоо. Банзай! хашгиран дайрч байгаа дайсны өөдөөс Мажников пулемётоороо галлаж эхэлтэл буу нь гацчихав. Тэд байгаа зэвсэг бүхнээ байлдаанд бэлтгэн яргачидтай эцсээ хүртэл үзэлцэж, дайсанд олзлогдон бууж өгөхгүй гэж тангараглацгаав. Машин ч хөдлөхгүй, буу дуугарахгүй болохоор японууд манай гурвыг алагдлаа гэж эндүүрэв бололтой.

Ахмад Копцов орой болтол буу дуугаргалгүй дайсныг хянаж байгаад харанхуй болохоор танкаа засахаар шийдсэнээ нөхөддөө хэлэв.

- «Баатарлаг улаан цэрэг» гэдэг фронтын сонинд танкийн жолооч, комсомолын гишүүн Просолов экипажийнхныгаа дайсны суманд өртөн амь алдсаны дараа эвдэрсэн танкан дотроо хоёр хоногийн турш туслах хүч иртэл ганцаараа тулалдсаар байсан тухай нийтлэгдсэн байсныг санаж байгаа биз дээ. Бид ч тэр баатар шиг тулалдана даа гэлээ. Мажников цамхагийн хавхагт духаа наан хянах нүхээр дайсныг ажиглана.

Танканд бүгчим, халуун гэдэг тэсэхийн аргагүй. Тав зургаан цаг орчмын дараа дайснууд танкны тал талаас мөлхөж, хааяа буудсаар дөхөж ирэв.

Танканд байлдааны сум хэрэгслийн тал хэртэй нь үлджээ. Японууд танканд ойртон   хэдэнтээ  буудсанаа шууд галдан шатаахаар шийдэн салхины дээд талаас өвсийг щатаалаа. Цэнхэр хөх утаа тэнгэрт мушгиран улаан гал яах ийхийн завгүй танкийг өрвөлзөн бүчээд авлаа. Танк улайсгасан төмөр шиг болж дэлбэрнэ дээ гэж бодтол тэгсэнгүй. Ширүүн салхинд хөөгдсөн гал төдхөн өнгөрч, танк ер ажирсангүй үлдэхэд манай танкчид дундуурхан үлдсэн савтай уснаасаа гурав гурав балгацгаалаа. Бүлээн ус ам нь хатаж бүгчимдэж байсан зовиурыг бүрмөсөн арилгах шиг тэдэнд санагджээ.

Цаг мөч урагшилсаар нар шингэх дөхлөө. Тэд танкаа засах төлөвлөгөө боловсруулж харанхуй болмогц Мажников пулемёт, их буугаа хариуцан машиндаа үлдэж, дайсан халдвал ээлжлэн буудах, Копцов хөнгөн пулемёт, гранаттай гадагш гарч хамгаалалт хийх, Калинин хавчигч цагиргаа аль болох хурдан хийж гинжээ засахаар тохиролцов. Харанхуй болохоос өмнө дайснууд дайраад ирвэл яах вэ? гэж Калининг асуухад Копцов,

- Танкнаасаа гарч болохгүй. Бүх сумаа дуустал тулалдана. Хэрэв хүчинд ав-тагдахад хүрвэл амьдаар дайсанд олзлогдохгүйн тулд гар гранатаа дороо хийгээд гурвуулаа нэр төртэй үхэцгээнэ гэхэд Мажников толгой дохин,

- Үхэх дээр тулбал гурвуулаа хамт! гэв.

Тэд эвдэрхий танкандаа арваад цаг болжээ. Уулын цаагуур нар орж эхлэв. Япон офицер муухай хашгиран тушаал өгтөл дайснууд шуугилдан танк руу гэтэцгээлээ. Копцов тэдэнтэй нэгийгээ үзэлцэхээр санаа шулуудан,

- Яргачид аа! Май! гэж хөмхий зуун өгүүлээд тэсэрдэг сумаар буудахад хэсэг дайсан орилолдон бут үсрэв. Тулалдаан ширүүсэн үргэлжилсээр... Мажников баруун тийш шагайж,

- Нөхөр даргаа! Танкууд ирлээ. Танк... гэж хашгирахад

- Наашаа ирж явна. Манайхан юм болов уу? гэж Калинин дуу алдав. Танкууд ойртон ирж дайсан дээр суман мөндөр буулгахад сандарсан самурай нар ум хумгүй зугтацгаалаа. Манай гурав ч зугтаж яваа дайсныг пулемётоор шүршин устгасаар байв. Танкууд япончуудыг бут цохин улам урагшилна. Нэг танк зам мурийн хурдалсаар Копцовын танкны дэргэд ирж зогстол механикч-жолооч Лазарев үсрэн бууж эвдэрсэн танкийг гинжээр оосорлон холбоод чирэн хөдөллөө. Ийнхүү Копцовын багийнхан төгс ялалтын төлөө давшилтад орлоо...

Зөвлөлтийн улаан армийн Байгалийн чанад дахь танкийн 6 дугаар бригадын нэгдүгээр батальоны дарга ахмад Василий Копцовын алдар гавьяаг Зөвлөлт засгийн газар өндрөөр үнэлж, 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнасан юм.

Ю. САНЖААГОНЧИГ

 

                                                                                                            1978 он

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002796
Өнөөдөр зочилсон 917
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.