Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ӨӨРӨӨ ҮГҮЙ Ч ГАВЬЯА НЬ МӨНХ
ӨӨРӨӨ ҮГҮЙ Ч ГАВЬЯА НЬ МӨНХ
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

Сайн Ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Цахир сумын уугуул Аюурын Дангаасүрэн хэмээх Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн өгүүлэх минь.

Хүүхэд насны дурсамж санаанд тод үлдэх. Биднийг зургадугаар ангид орох жил манай анги даасан багшаар Доржгочоо (түүнийг багш, сурагчид, ер нь бүгд л Доржоо багш гэх) гэж монгол хэл, уран эохиолын мэргэжлээр УБДС дөнгөж төгссөн шавилхан биетэй, хурдан түргэн хөдөлгөөнтэй, үг хэл хурц, сэргэлэн шар залуу ирж билээ. Багш хүний задгай сэтгэлгээг манай сургуулийн дунд ангийнхан бараг л Доржоо багшаас мэдэрсэн болов уу. Доржоо багштай долдугаар ангийнхан (долоон жилийн сургуультай байсан) завсарлагаанаар их л чөлөөтэй ярилцаж, ана мана үзэлцэж байх нь зарим нэгэнд багшаа хүндлэхгүй ч байгаа юм шиг харагдана. Тэр хичээлийн төгсгөлийн тав арван хоромд урьд өмнө сонсож байгаагүй шинэ сонин юм ярина. Хүүхдүүд Доржоо багшийн хичээлд их дуртай, түүний чөлөөт байдал, илэн далангүй яриа нь сурагчдад таалагддаг байлаа. Дараа жилийн зун багш маань цэрэгт явчихлаа.

Намар сургууль цуглахад хүүхэд бүр л Доржоо багшаа дурсаж байсан. Гэтэл намар оройхон, аравдугаар сарын суүлчээр юм болов уу, нэг өглөө Доржоо багш маань мулзан толгойтой, нөгөө л жавхаалаг хэвээр ороод ирлээ. Цэргээс халагдсан гэж байна. Та яагаад ийм хурдан албаа хаачихваа, гурван жил байдаг биз дээ гэхэд Тэр ч тиймээ, хөөрхий муу аавын минь буян. Миний аав Дангаасүрэн бол "Эх оронч" алдар гавьяатай хүн байгаа юм аа.

Өнгөрсөн наймдугаар сард Халх голын байлдааны ялалтын 30 жилийн ой болж, Халх голд гарамгай байлдсан арваад хүнийг Батлан хамгаалахын сайд нь хүлээн авч уулзжээ. Тэр уулзалт дээр аавын гавьяа зүтгэлийг онцлон дурдаж, сэтгэл санааны өвчтэй болсон нь дайн тулалдааны талбарт хэд хэдэн удаа хүнд шарх авсантай нь холбоотой. Одоо амьдрал нь хүнд байгаа, энэ үед төрсөн ганц хүүгээр нь асруулах хэрэгтэй ч гэж хамт байлдаж явсан дайчид нь хэлж, намайг нь цэргээс халуулах асуудлыг ярьжээ. Харин манай аав намайг хотод биш миний алба хаасан Халх голын отряд руу явуулчих, миний амьд дээр хатуу хүтүүг үзэг ухааны юм хэлсэн гэж байгаа.

"Аавын минь эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгуулахаар тодорхойлсон юм билээ. Тэгээд түүнийг намын гишүүн биш гээд хасчихсан гэж хотод байдаг ах ярьсан гэлээ. Тэр уулзалтын дараа ахмад дайчдын саналд БХ-ын сайд онцгой анхаарал хандуулж, манай гэрийн амьдрал ахуйг нь судалснаар намайг хугацаанаас нь өмнө цэргээс бүрмөсөн халсан тушаал гаргаж, тэр нь ангид ирж, гэнэт халагдах болсонд би ч, манайхан ч гайхсан шүү гэж эхний өдрийн хичээл дээр ярьж билээ.

Энэ бол 1969 оны аравдугаар cap.

Дараа дараагийн хичээл дээр Доржоо багш цэргийн албаны тухай, цэргийн карантины тухай, аавыгаа ямар гавьяа байгуулсан тухай олон удаа нүдэнд харагдтал ярьдагсан. Гэтэл туүнээс дөчин жилийн дараа Халх голын ялалтын 70 жилийн ойн өмнөхөн багшийнхаа аав баатарлаг дайчны тухай бичнэ гэж муухан бичээч би яаж төсөөлөх билээ.

Багшийн аавыг миний аав, ээжийн үеийнхэн төдийгүй, манай нутгийнхан "Эх оронч Дангаа", "Одон Дангаа" гэж дуудна. Түүнд их хүндэтгэлтэй ханддаг, зарлиг нь гараагүй болохоос Дандар баатар шиг жинхэнэ баатар юм гэнэ лээ гэлцэх. Халх голын байлдааны тухайд "Алаг морьтой Дандар баатар"-ын сэлэмнээс дайснууд ёстой үнхэлцгээ хагартал айдаг байсан гэсэн ам дамжсан ярианаас сэдэвлэж, хүүхдүүд модоор сэлэм хийж тоглодог байсан даа.

Дангаасүрэн  гуай   1913   онд малчин ард Аюурын ес дэх хүү болон мэндэлжээ. Тэрбээр бага насаа бусдын адил хөдөө өнгөрөөж, мал маллаж, (ан гөрөө хийж байгаад 1934 онд 21 насандаа цэрэгт татагдаж, Дорнод аймгийн Байшинтын зургадугаар дивизэд цэргийн албаа хааж байх үед нь тэдний ангийн худагт дайснууд хор хийснийг мэдэлгүй япон цэрэг, дарга түүнээс ууж хорджээ. Тэдний нэг Дангаасүрэн дөнгөн данган амьтай нутагтаа ирж, сайн оточ маарамбын ач буянаар өвчин нь илааршиж, бие сайжирснаар дахин цэргийн албанд мордсон юм билээ.

Хуучин   цэрэг   Дангаасүрэн дайны хүнд бэрхээс шантралгүй өөрийн саналаар дорнот хилийг хоёр дахь удаагаа зорив. Тэрбээр мөн л Дорнот аймгийн Халх гол дахь 24 дүгээр отрядын Сүмбэрийн долдугаар заставт тасгийн даргаар томилогдон, бүтэн таван жилийн хугацаанд улсынхаа торгон хил дээр байлдааны үүрэг гүйцэтгэхдээ 1936-1939 оны Халх голын дайны хүнд бэрх жилүүдэд дайчин нөхдийнхөө хамт их, бага 64 удаагийн тулалдаанд оржээ. Сүмбэрийн заставаас олон эрэлхэг дайчин тодрон гарсан. Тус заставын дарга байсан хурандаа С.Төмөрбаатар, Б.Чогдон, заставын орлогч Н.Жамбаа, тасгийн нь байлдагч Д.Гуулин, Э.Шийлэг нар нэлээд хожуу Монгол Улсын баатар цолоор шагнагджээ. Олон дайчин гавьяагаа үнэлүүлж, дайны талбарт одон зүүсний дотор Дангаасүрэн "Аймшиггүй зоригт эх оронч" цол, "Байлдааны гавьяаны улаан туг"-ийн болон "Алтан гадас" одон, тусгай даалгавар гарамгай биелүүлсний төлөө Дотоод явдлын "Хүндэт чекист", Х.Чойбалсангийн "Мэргэн буудагч" зэрэг олон шагнал хүртжээ.

Халх голын байлдаан дууссан ч дорнот хилийн байдал тайван биш байлаа. Түүний цэргийн албаны хугацааг сунгаж, 1941 онд халагджээ. Цагийн байдал дахин хүндэрч, цэрэг нэмэн татахад "Эх оронч" Дангаасүрэн өөрийн саналаар 1943 оны зун гурав дахь удаагаа дорно зүгийг зорив. Түүний алба хаасан анги 1945 онд Чөлөөлөх дайнд оролцож, үүргээ гайхамшигтай биелүүлсний дараа тэр оны өвөлдөө цэргийн албыг есөн жил хаасны эцэст бүрмөсөн халагдан нутаг орондоо, ах дүү, элгэн садан, хань ижилдээ эргэн иржээ.     

Энхийн бүтээн байгуулалтын хөдөлмөрт нутгийн олны дунд эрчимтэй орж, багийн ахлах ухуулагч, сумын эвлэлийн үүрийн дарга, нэгдэлд барилгын даамлаар 1958 он хүртэл ажилласан байна. Ер нь 1939 оны Халх голын байлдааны талбарт манай 800 гаруй цэрэг дайчид амь үрэгджээ. Энэ байлдаанд оролцсон дайчдаас одоо 70 гаруйхан хүн амьд байгаа гэнэ. Тэдний хамгийн бага нь 88, ахмад нь 100 шахам настай юм. Эх орныхоо төлөө баатарлаг байлдаж, гарамгай гавьяа байгуулсан дайчид дотроос Дангаасүрэн гуайг төрийн хамгийн дээд шагнал хүртэх ёстой байсан хүн гэж үнэлдэг юм билээ. Түүний талаар хамт байлдаж явсан нөхөд нь ийнхүү дурсчээ.

 

Заставын анхны дарга Монгол Улсын баатар, хурандаа С.Төмөрбаатар:

-Би дайснаас дарийн шapx аваагүй Дангаасүрэнгээсээ жадны шарх авсан юм. Тэр өндөр нуруутай, сээрээрээ жаахан бөгтөрдүү, гялалзсан түргэн хөдөлгөөнтэй, үүрэг тушаал ягштап гүйцэтгэдэг тасгийн дарга байлаа. Удаа ч үгүй би Хэрээ уулын зургадугаар заставын дарга болж, ажлаа орлогч Чогдонд өгсөн. Хаврын жихүүн, цас бударсан шөнө дөлөөр нэг цэрэг дагуулан тэдний сонор сэрэмжийг шалгахаар очлоо. Тэд хоорондоо нэлээд зайтай бензин колонк, онгоц манадаг. Бензин колонк нь жижиг толгойн өвөр дээр байх. Толгойн араас өгсөөд гараад иртэл манааны цэрэг онгоцны дэргэд яваа харагдана. Бид хоёрыг харав бололтой, дахаа тайлж шидчихээд хар хурдаараа наашаа гүйлээ. Бид ч колонк руу ойртсоор, явуут дунд зогс гараа өргө, буудлаа шүү гэж байна. Буудахад нь бууны замаг нь гацаж, гал нээж амжсангүй. Дагуулж яваа цэргээ зогсоогоод өөрөө яваад очтол намайг шууд жадлав. Түүний жад давсаг руу таарч, тосолчихсон савхин дээлтэй тул хальтирлаа. Би жадыг баруун гараараа хүчтэй цохиход үзүүр нь миний зузаан гуя руу мөн л орчихлоо. Тэгтэл, яанаа дэслэгчээ таныг таньсангүй гээд бага дарга Дангаасүрэн зогсож байж билээ.

 

Заставын дарга асан Монгол Улсын баатар хурандаа П.Чогдон:

Дангаасүрэн бол миний шилдэг арван "бүргэд"-ийн нэг. Бие сэтгэл эрүүл, энх тунх байсан бол биднээс өмнө Улсын баатар цол авах ёстой хүн. "Эх оронч" үнэмлэх авсан хүн манай заставт ганцхан тэр л байлаа. Манай Төмөрбаатар, Жамбааг болон намайг "Эх оронч" гэж нэрлэдэг байсан боловч бидэнд тийм үнэмлэх батламж байгаагүй юм. Дээд командлалаас өгсөн удаа дараагийн тусгай даалгавраар тагнуулын үүрэг гүйцэтгэхдээ амьд хэл олзлох, дайсны объектыг болон мэргэн буудагчийг устгах үүргийг нэр төртэй биелүүлж байсан олон баримтаас цөөн хэдийг дурдъя:

1939 оны тавдугаар сарын 14-нд дайсны мото буудлагын болон морин дивиз манай хилийг цөмөрч, хүчний илт давуугаар давшилт хийж эхлэв. Тэр мөчид дайсны толгойн сэргийлэхэд түрүүлж явсан офицерыг амьдаар нь барих тушаал өгсөн. Дангаасүрэн маш түргэн байрлалаа эзэлж, ирж яваа замыг нь отон нуугдаж байгаад дэрсний хажууд ирэхэд нь ганцхан ухасхийж, морин дээрээс нь мулт татаж авангуут аманд нь хөлийн жийргээ чихчихээд, хоёр гарыг хүлээд амьдаар нь чирээд ирж бипээ. Дайсны мэргэн буудагчийг устгах үүргийг Гуулинд өглөө. Тэр нуувчнаас буугаа гаргатал тасхийгээд явчихлаа. Гуулин ч арагшаагаа саван уналаа. Би ч Гуулингаа алуулчихлаа гэж бодон бушуухан очоод тэврээд автал түүний царай цайчихсан уртаар амьсгал аваад даргаа, би зүгээрээ, буу л болохоо байлаа гэв. Буугий нь аваад хартал дайсны мэргэн буучны сум Гуулингийн бууны амыг замагтай нь хадчихсан байв. Би Дангаад, дайсны мэргэн буудагчийг устга гэлээ. Дангаа, мэдлээ гүйцэттэе, даргаа та малгайгаа бууны жаданд өлгөөд өргөхгүй юу гэж байна. Би ч ёсоор болготол дайсны буу тасхийж, миний малгай хийсээд явчихлаа. Энэ мөчид Дангаагийн буу ч тас, дайсны мэргэн буудагч ч нугдайн унав. Дахиад буудахгүй байхыг бодоход тэд сумгүй нь мэдрэгдэж, манайхан ч нэгэн зэрэг босоод дайртал арваад дайсан гараа өргөн босоод ирэв.

Бид тэдний зэвсгийг хурааж, гарыг нь ард нь хүлж байх зуур Дангаа, нөхөр дэслэгчээ, би даанч яав даа ийм амьтан устгачих гэж дээ гээд дороо дэвхцээд уналаа. Бид юу болов оо гээд очтол дайсны мэргэн буудагч нь дуран хараатай винтов мөрлөсөн, үсээ малгайдаа чихчихсэн, "Алтан элээ" одон зүүсэн эмэгтэй байсан. Түүний цээжийг зад буудсан, хөхүүл хүүхэдтэй байсан байх, хөхнийх нь сүү, цус холилдон урсахыг харахад нүд хальтрам байж билээ. Хэдийгээр дайсан ч бидэнд өрөвдөх нигүүлсэнгүй сэтгэл төрж билээ. Бас нэг удаа 1939 оны 5 дугаар сарын нэгэн өдөр бид арвуулаа дайсны отолтод орж бүслэгдсэн. Хүч тэнцвэргүй тулаанд орж амь наана, там цаана байлаа. Үхэл рүү хэнийгээ түлхэхээ шийдэж ядан застав руу хүн явуулж, яаралтай холбоо барих хэрэгтэй байна гэхэд Дангаа, нөхөр дэслэгчээ би гэлээ. Гуулин, Гаасүрэн хоёрт түүний гарч явах замыг галаар хамгаалах үүрэг өгч, Дангаад өөрийнхөө хүрэн халзан морийг унуулаад дайсны хайчин гал дундуур дайрч гарах тушаал өглөө.  Дангаа ч хэлсэн ёсоор тэдний дундуур сэлмээ эргүүлэн уухай хашгиран дайрахад бүсэлчихсэн дайсны цэргүүд хага ярагдан зарим нь буугаа шидчихээд зугтааж харагдсан. Зоригт дайчин маань дөчөөд минутын дараа заставаасаа нэмэлт хүч аван ирж, биднийгээ дайсны бүслэлтээс аварч, тэднийг бут цохиж байсан юм.

Таван удаа хүнд шархадсан Дангаа, Гаасүрэн, Чүлтэмсүрэн гурав хилийн харуулд гарчээ. Дайсан хил нэвтрэн орж ирэхэд Чүлтэмсүрэнгээ арагшаа холбоо бариулахаар явуулж, Гаасүрэн тэр хоёр 6дайсантай зургаан цаг гаруй тулалдсаны эцэст 60 гаруй дайсны цэргийн 43-ыг устгаад байхад нэмэлт хүч иржээ. Энэ тулалдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Моломын Гаасүрэн баатарлагаар амь үрэгдсэн. Дангаа өөрөө хүнд шарх авсан ч амь эрсэдсэн Гаасүрэнгээ тэврээд цустайгаа холилдчихсон уйлаад сууж байж билээ. Дангаа минь дайны талбарт таван удаа хүнд шарх, олон удаа хөнгөн шарх авч байсан. 1973 онд Хилийн цэргийн ойгоор М.Гаасүрэнг Сүхбаатарын одонгоор нэхэн шагнасан. Харин Дангааг минь сэтгэцийн өвчтэй болсон гэх шалтгаанаар хоосон хоцроож байсанд харамсаж явдаг. Эх орон нь онцгой баатарлаг гавьяа байгуулсан хүүгээ мартахгүй байх аа, хэзээ нэг цагт, тэр үеийг бид үзэхгүй биз ээ, түүний үр хүүхэд, элгэн садан, нутаг усныхан нь харах байх аа гэж боддог.

Монгол Улсын баатар Д.Гуулин:

-Манай тасагт Энхийн Шийлэг, Моломын Гаасүрэн, Ханджавын Гомбосүрэн, Галдорж, Лувсандамбаа гээд олон сайхан дайчин алба хааж байсан. Дангаасүрэн болон дайчин нөхөдтэйгөө олон удаа тулалдаанд орж, унаагүй явгарч, өлсөж цангаж, хүнд хөнгөн шархдаж явсан. Дангаасүрэн маш гавшгай, түргэн хөдөлгөөнтэй, үг дуу цөөтэй, гайхалтай мэргэн бууддаг, сайн цавчдаг. Олон удаагийн баатарлаг үйлсээс нэгийг санахад, Хайлаастын агаарын тулалдаан болсон өдөр. Дангаасүрэн, Гомбосүрэн бид гурав харуулд гарсан. Онгоц дуугараад ойртон ирэх мөчид  бид морио хэвтүүлэв. Гурван онгоц биднээс 500 м зайтай газардлаа. Гомбосүрэндээ морио бариулаад бид хоёр буугаа мөрлөн давшин гүйхэд нэг онгоц нь нисчихлээ. Нөгөө хоёр нь хөөрөхөөр дэгдэж эхлэв. Бид буудав. Хоёр онгоц нисэж чадсангүй зогслоо. Бид буугаа урдаа барин гүйгээд очтол онгоцноос хоёр хоёр хүн гараа өргөөд буугаад ирэв. Буу тулгаж байгаад тэднийг нэгжиж, гарыг ард нь хүлэв. Гомбосүрэн ч морьдоо хөтлөөд давхиад ирлээ. Дараа нь онгоцонд орж үзлэг хийхэд Дангаасүрэн сэнсний голыг тас буудсан, би моторыг нь зад буудсан байж билээ. Онгоцноос хэрэгтэй зүйлийг аваад шатаасан. Олзны дөрвөн хүнийг туусаар отряд дээр ирж байсан юм. Дангаасүрэн жинхэнэ баатар эр байсан шүү.

 Монгол Улсын баатар Энхийн Шийлэг:

Дангаасүрэн намайг цэрэгт очиход өөрийн тасагтаа хүлээн авч, анхны тулалдаанд дагуулан орж байсан бага дарга. Тэр гайхалтай овсгоотой, мундаг мэргэн буудагч байcaн даа. Түүний гавьяаг хамт байлдаж явсан бид мэдэлгүй яахав ээ. Харамсалтай нь, тасгийн даргыг Улсын баатарт хэд хэдэн удаа тодорхойлсон. Жанжин Ж.Лхагвасүрэн гуай, энэ Дангаасүрэн хоёр бол олон эрэлхэг дайчин дотроосоо илүү баатарлаг гавьяатай хүмүүс байгаа юм.

 24 дүгээр отрядын комиссар Борын Цэвэгжав:

-Манай отряд, түүний дотроос 7 дугаар заставын дайчид Халх голын байлдаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн. "Эх оронч цол тэмдэг баатрын үнэмлэх шүү дээ, нэг ёсондоо. Юуны чинь намын гишүүн бус юм яриад байдаг байна аа, түүний гавьяа ил байсан шүү дээ. Би отрядын комиссарын хувьд энэ эрэлхэг дайчныг мэднэ. Манай заставаас хамгийн түрүүнд Дангаасүрэнг баатар болно гэж боддог байлаа. Тэд ингэж ярьсан байна.

Халх голын байлдаан дуусаад 70 жил өнгөрчээ. Аливаад улс төрийн өнгө аясаар биш тухайн цаг үеийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөх талаас нь хандмаар байна. Тэр дайнаас хойш 40 жилийн дараа Япон Улс манай оронд дайны төлбөрөө төлж, одоогийн "Говь" компанийг барьж өгч байлаа. Капитализм, коммунизмын зөрчил, үзэл суртлын тэмцэл төгсгөл болсон. Дэлхий нийтэд тайван замаар ардчиллыг хэрэгжүүлж чадсан Монгол Улсын төр Эх орныхоо төлөө аймшиггүй, зоригтой тулалдаж, халуун амь, бүлээн цусаа зольсон энэ баатарлаг эрийн гавьяаг хожим ч гэлээ нэхэн үнэлэх буй заа.  А.Дангаасүрэн гэж хорь гаруйхан настай залуу далан жилийн өмнө дайны талбарт онцгой үүрэг гүйцэтгэж, баатарлаг гавьяа байгуулж байсныг хамт тулалдаж явсан баатрууд нь тодорхой өгүүлжээ. Тэдний өгүүлснээр тэр үнэхээр баатар юмаа.

                                                                        Сэтгүүлч Ю.Санжаагончиг

 

                                                                        МонЦаМэ мэдээ” сонин 2009 он

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5358600
Өнөөдөр зочилсон 886
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.