Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   MОНГОЛ УЛСЫН ЭХ ОРОНЧ АЮУРЫН ДАНГААСҮРЭН /1913-1978/
MОНГОЛ УЛСЫН ЭХ ОРОНЧ АЮУРЫН ДАНГААСҮРЭН /1913-1978/
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

Аюурын Дангаасүрэн нь 1913 онд Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн Оцон гэдэг ачар жирийн малчин,нутаг усандаа Дархан гэж алдаршсан Аюурын 10-р хүүхдийн 9 дэх нь болон төржээ. Бага насаа эцэг эхийн гap дээр мал маллаж, эцгээ даган дархан хүний бурхан ухаанд шимтэж, амьдралын хар бор ажил хийж, аавыгаа даган дархан хийж, мал маллах,  ан гөрөө хийх зэрэг ажил хийж яваад 1934 онд 21 настайдаа ардын цэргийн албанд татагдаж Дорнодын Байшинтын 6-р дивизид алба хааж байгаад тэр үеийн эсэргүү нарын үйлдсэн хорт усанд хордож, нутагтаа амьтай төдий амьтан эргэж ирээд нутгийн сайн оточ маарамбын эмчилгээнд бие илааршиж, 1936 онд дахин цэрэгт татагдаж, 24-р отрьядын харьяа Сүмбэрийн 7-р заставт 1941 оныг дуустал цэргийн алба хаажээ. Аюурын Дангаасүрэн нь Монгол улсын хилийн цэргийн эрэлхэг гавьяаны амьд түүх болсон цусан гавьяаны одонт баатар Чогдонгийн гэж алдаршсан чухамдаа баатруудын хэмээн нэрэлхүйц энэ заставт Чогдонгийн өөрийнх нь нэрлэсэн шилдэг 10 бүргэдийн нэг нь болж Японы ззлэн түрэмгийлэгчдээс өдүүлсэн хилийн анхны будилаанаас эх орны дайн Халх голын байлдааны төгсгөлийг хүртэл дайчин нөхдийнхөө хамт дархан хил, эх орноо хамгаалсан. Том жижиг 64 удаагийн тулалдаанд оролцож, гарамгай гавьяа байгуулсан баатарлаг "Эх оронч" байжээ. Цэргээс 1941 онд халагдаж ирээд орон нутагтаа багийн ахлах ухуулагч, сумандаа ХЗЭ-ийн үүрийн дарга нэгдэл нийгэмдээ малчин, барилгачин, барилгын ахлагч зэрэг ажил хийж нутаг усныхандаа "Одон Дангаа алдартай нэр хүндтэй хөдөлмөрлөж яваад Байшинтын дивизид байхдаа уусан хорт ус, хүнд хөнгөн таван удаагийн шархны улмаас засрашгүй хүнд өвчинд нэрвэгдэн эмчилгээнд орж, өөрийн гэсэн ухаангүй байсаар 1978 онд насан өөд  болсон юм. Насан өөд болоход нь ХХЕГазар баатрын ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.

А.Дангаасүрэнг зарлиг нь гараагүй баатар хэмээн хилийн цэргийнхэн, нэг заставын дайчин нөхөд, дарга нар нь нэрлэдэг юм. Аюурын Дангаасүрэн нь 1934 онд цэрэгт явахаасаа өмнө хань ижилтэй болсон бөгөөд хань Туваанжав нь 1989 онд, охин Дарьсүрэн нь 2006 онд өөд болж, одоо ганц хүү Доржгочоо нь нутаг орондоо нэр хүндтэй ахмад багш өндөр насны тэтгэвэртээ суун амьдарч байна.

А.Дангаасүрэн нь 1943 оны эцсээр дахин түр цэрэгт татагдан, 1945 оны Чөлөөлөх дайныг дуустал өөрийн хүучин алба хааж байсан Сүмбэрийн заставтаа эх орныхоо дархан хилийг найдвартайгаар сахин хамгаалах үүрэг гүйцэтгээд, 1945 оны 11 сард бүрмөсөн халагдаж иржээ.

Тэрбээр идэр залуу насныхаа арав шахам жилийг эх орноо хамгаалах энхийн үйлсэд зориулсан эрэлхэг хилчин байсан бөгөөд заставт тасаг хариуцсан бага дарга байсан бөгөөд хариуцсан тасгаас нь хожим Монгол Улсын баатар хоёр (Дүгэрийн Гуулин, Энхийн Шийлэг) нар төрөн гарсан байна. Дайчин нөхдийн дурсамж ярианаас сонирхоход, олон арван хүнд хөнгөн даалгаврыг дайчин нөхдийн хамт (Д.Гуулин, Э.Шийлэг. М.Гаасүрэн, X.Гомбосүрэн, Галдорж, Чүлтэмсүрэн) нэр төртэй биелүүлж, ганцаарчлан өгсөн дайсны бүслэлтийг хайчин гал дундуур дайран гарч нөхдөө аврах, амьд хэл олзлох, мэргэн буудагчийг устгах, дайсны онгоцыг сөнөөх, хуягтыг устгах даалгаврыг жинхэнэ эр зориг, авхаалж самбаатай биелүүлж, үүрэг хүлээсэн байлдааны дайны явцад дайсны амьд хүч 200 гаруйг устгасан бөгөөд зөвхөн Гаасүрэнтэйгээ дайсны 60 гаруй цэрэгтэй хоёулаа хүч тэнцвэргүй тулалдаан хийж, Гаасүрэн нь амь эрсдэн, Дангаасүрэн нь гурван удаа хүнд хөнгөн шархдаж, 40 гаруй дайсныг устгасан байна. Мөн дайсны гүнд удаа дараа нэвтрэн орж, дайсны байрлал, хүн хүч зэвсэг техникийг гарамгай тагнаж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.

Иймээс эх орноо хамгаалах ариун үйлсэд баатарлагаар гавьяа байгуулсан учир түүнийг "Эх оронч цол", "Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, "Алтан гадас одон", "Халх голын ялалтын медаль", "Дотоод яамны хүндэт чекист цол тэмдэг, "Чойбалсангийн мэргэн буудагч медалиудаар шагнажээ. Түүний байгуулсан гавьяа эх орныхоо болон дарга нарынхаа өгсөн тушаал даалгаврыг хэрхэн биелүүлж байсан тухай хэвлэлээр олонтаа дурдагдсан байдаг. Гэвч заставын дарга асан Монгол Улсын баатар С. Төмөрбаатар, П. Чогдон, тасгийнх нь цэрэг, дотны анд нөхөр нь байсан Д. Гуулин, Э. Шийлэг нарын дурдатгалаас товчлон авч оруулъя.

Монгол Улсын баатар, заставын дарга асан С. Төмөрбаатар:

Байлдагч А. Дангаасүрэн бол аймшиггүй чин зоригтой, гарамгай мэргэн буудагч төдийгүй манай заставаас "Эх оронч" цолыг хамгийн анх авсан байлдагч юм. Энэ нь тухайн үеийн төр засгийн хамгийн том цол, одоогоор бол “Улсын баатар”-ын зиндааны шагнал, иймээс амьд сэрүүн байсан бол биднээс өмнө Монгол Улсын баатар цолыг авах ёстой хүн дээ.

1978 оны 05-р сарын 24-нд оршуулган дээр нь хэлсэн үгнээс:

Монгол улсын баатар Пунцагийн Чогдон: /Сүмбэрийн заставын дарга асан /

А.Дангаасүрэн нь миний тушаалаар олон арван хүнд хөнгөн даалгаврыг гарамгай биелүүлсэн манай шилдэг арван бүргэдийн шилдгүүдийн нэг.  1939 оны 05-р сарын 14-нд дайсан өргөн фронтоор довтлоход дайсны толгойн сэргийлэхэд явсан. Ахлах офицерийн замыг тосч нуугдаж байгаад амьдаар нь олзолж ирж байлаа. Хуягтын өмнөөс таван гранат боож бариад аймшиггүй зориг гарган устгасан. Есүүлээ дайсны давуу хүчтэй хүч тэнцвэргүй тулалдаанд хагас өдөр тулалдаж дайсанд амьдаар олзлогдох, үгүй бол бүгд үхэх аюулаас би та нарыг аваръя гэж дайсны пулёмётын хайчин галаар дайран гарч ар талтай холбоо барин дайчин нөхдөө аварч байлаа. Байлдагч Гаасүрэнтэй хоёулаа дайсны 60 гаруй цэрэгтэй тулалдаж гурван удаа шархдаж, дайчин нөхрөө алуулж дайсны 40 гаруй амьд хүчийг устгасан байв. Байлдагч Гуулинтай дайсны бөмбөгдөгч хоёр онгоцыг устгаж, нисгэгчдийг амьдаар нь олзолж ирсэн. Толгой өндийлгөхгүй буудаж байсан дайсны мэргэн буудагчийг устгаж, дайчин нөхдөө дайралтанд оруулж ялалт байгуулсан гээд олон зүйлийг хэлж болно.

Монгол Улсын баатрууд цуврал ном /1971 он/

Монгол улсын баатар Дүгэрийн Гуулин:

Дангаасүрэн уул нь Архангай аймгийн Цахир сумын хүн дээ. Одоо амьд эсэхийг бүү мэд. Ёстой баатар хүн, надаас өмнө баатар болох ёстой нэгэн үнэндээ мөн. Дангаасүрэн бид хоёр олон онгоцыг устгаж, амьд хилч барьж, олон арван японыг устгасан даа. Хоёулаа дайсны давуу хүчтэй тулгарч, би гэдсээрээ шархдаж, Дангаасүрэн маань миний шархыг боож манханд намайг нуучихаад дайсантай ганцаараа тулалдаж, ялалт байгүулаад намайг 30 шахам км газар үүрч, Хамар даваанд оросын цэргийн эмнэлэгт авч ирж, амийг минь аварч байсан юм даа. Энэ тулаанд дайсны 20 гаруй амьд хүчийг устгасан гэж дарга нар ярьж байсан. Ёстой баатар болох хүн дээ. Түүх хэзээ нэгэн цагт гавьяаг нь мөнхжүүлж, үр хүүхдийг нь баярлуулах байсан. Улаан од сонинд гарсан дурдатгал гэх мэтээр А. Дангаасүрэнгийн байгуулж явсан гавьяаг бичээд баршгүй бөгөөд түүний тухай 1969 оноос хойших хилийн цэргийн түүхэн ой, Халх голын Ялалтын түүхэн ойнуудад гарсан сурвалжлага найруулал, ном сэтгүүлүүдэд удаа дараа хэвлэгдэн бичигдсэн байдаг.

А. Дангаасүрэн нь 1939 оноос хойш эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн "Эх оронч" эрэлхэг хилчин гарамгай дайчин байсны хувьд дайчин нөхөд дарга асан Төмөрбаатар, Чогдон нар гавьяаг нь мөнхжүүлэх гэж, мөн сум орон нутгаас Монгол Улсын баатар цол нэхэн олгуулах гэж зохих дээд шатны байгууллагуудад удаа дараа уламжилж байсан боловч тухайн үед зарим боломж нөхцөл нь бүрдээгүй юм уу, эсвэл цаг хугацаа хоцорсон юм уу зарим нэг дээд газрын хариунд А. Дангаасүрэн бол баатар болох хүний нэг нь мөн гэхдээ амьд сэрүүн улсад нь түрүүлж өгнө гэсэн дээд газрын шийдвэрийн дагуу хүлээсээр өдий хүрсэн. Ингээд амьд мэнд байсан заставын дарга С. Төмөрбаатар, П. Чогдон, заставын орлогч Н.Жамбаа, өөрийнх нь анд нөхөд хариуцсан тасгийнх нь цэрэг Д.Гуулин, Э.Шийлэг нар цөм Монгол Улсын баатар гэдэг хүндтэй алдрыг авч түүгээр ч үл барам өөртэй нь хамт тулалдаж амь үрэгдсэн дайчин нөхөр М. Гаасүрэн нь 1973 онд Сүхбаатарын одон нэхэн шагнасан байна. Нэгэнт эдгээр хүмүүстэй дүйцэхүйц алдар гавьяатай, Монгол Улсын баатар гэдэг алдар хүндтэй гавьяаг аваагүй Дангаасүрэн бас л энэ алдрыг хүртэх ёстой хүний нэг гэдэг нь түүхэн үнэнээр батлагдаж байгаа юм. Түүгээр ч барахгүй заставтаа "Эх оронч" гэдэг хүндтэй үнэмлэх цол авсан анхны хүн гэдгийг түүний дайчин нөхөд, дарга цэрэг нь баталсаар байгаа юм.

 

                                                                                                Ю.Санжаагончиг

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186174
Өнөөдөр зочилсон 724
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.