Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ДАНДАР БААТАР Ч.ШААРИЙБУУГ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ ГЭДГИЙГ БАТЛАН ЯРЬДАГ БАЙСАН
ДАНДАР БААТАР Ч.ШААРИЙБУУГ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ ГЭДГИЙГ БАТЛАН ЯРЬДАГ БАЙСАН
2014 оны 08 сарын 07 | enkhtuvshin
   

Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалсны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өдгөө Халх голын дайнд амь, биеэ үл хайрлан, тулалдаж явсан 45 ахмад дайчин амьд сэрүүн аж төрж буй. 1939 оны дайны гал дунд мөр зэрэгцэн байлдаж явсан Л.Дандар, Д.Нянтайсүрэн, Ч.Шаарийбуу нарын тухай магадгүй хэний ч дуулаагүй сонин содон түүх, дурсамжуудыг Монгол Улсын хошууч генерал Осорын Отгонжаргал уншигчдадаа сөхөх гэж байна.

Тэрбээр өдгөө 90 шүргэж яваа ч үг яриа хурц, ухаан саруул нэгэн аж. Тэрбээр дарийн утаа үнэрлэж, дайны гал дунд тулалдаж яваагүй ч Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн нарын дотны нөхөр байсан бөгөөд цэрэг арми сурталчлах болон Халх голын дайны ялалтын 45 жилийн ойн баярын үеэр цугтаа ажиллаж байжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Галтай, Булнай хэмээх сайхан нутаг, Түшээтхан аймгийн Дарханчин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Ташгайт хэмээх газар 1928 онд төрсөн. 11 нас хүртлээ хөдөө мал дээр хурга, ишиг, тугал, бяруутай “ноцолдож”, өссөн хүн. Намайг дөрвөн настай байхад ээж минь төрөхийн хүндрэлээс болж нас барж, эгч, дүүтэйгээ өнчин үлдсэн юм. Дөнгөж төрсөн дүүг маань Мөнгөнморьт сумын Дархандаржаа гэдэг буриад өргөж, тэр хүн эгч, бид хоёрыг өөр дээрээ авч, өсгөн 1939 онд Улаанбаатарт ирж суурьшсан. Тухайн үед би Үлгэр жишээ III бага сургуулийг төгсөөд 1943-1947 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулсан Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, 1956-1959 онд ЗХУ-ын Ленинград хотод Галын техникийн дээд сургууль, 1964-1967 онд мөн тус улсын Дотоод явдлын яамны дээд сургууль дүүргэсэн.

1947 онд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерууд ба Хорих ангиудын удирдах газрын санхүүгийн хэлтэст данс хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш Гал түймэртэй тэмцэх хэлтсийн орлогч дарга, Төв гал командын дарга, Галын аюулаас сэргийлэх, хамгаалах хэлтсийн дарга, НАХЯ-ны Хэнтий аймаг дахь хэлтсийн дарга, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Хотын зөвлөлийн даргаар ажиллаж 71 жил мөрдэс тайлаагүй явна. Намайг Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга байхад буюу 1979 онд Маршал Ю.Цэдэнбал гуай хошууч генерал цолоор шагнаж байлаа. Офицерийн сургуулийн сонсогчоос хошууч генерал хүртэл нийт 42 жил цэрэг, цагдаа улсыг аюулаас хамгаалах байгууллагад алба хашиж, эх орныхоо тусгаар тогтнол, энхийн манаанд, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна даа.

-Халх голын дайны үеэр та 11 настай байсан гэсэн. Яаж яваад Л.Дандар баатар болон түүний нөхөдтэй танилцав?

-Би Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуайтай гурван ч удаа олон хоногоор хамт явж байсан. Тэр бүртээ түүнээс Халх голын дайны тухай, хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан баатруудынх нь талаар хэн хүнээс сонсож байгаагүй сонин содон дурсамжийг нь хуучлуулж байв. Тиймдээ ч түүнийг ихэд хүндэтгэж явдаг. Тэр бол эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулсан хатан зоригтон, хүнлэг энэрэнгүй баатар хүн байсан. Дандар гуай 20 настайдаа буюу 1935 онд цэрэгт татагдаж, ЗХУ-ын Тамбов хотын Морин цэргийн сургуулийг 1939 оны хоёрдугаар сард 13-уулаа төгсөж ирсэн. Улсын баатар, Халх голын байлдаанд дивиз, 1945 оны эх орны дайнд Хуягт танкийн бригад командалж явсан Д.Нянтайсүрэн, Тамсагийн зургадугаар дивизийн дарга Ч.Шаарийбуу нартай нэг ангид хамт сурсан юм билээ. Монголд ирээд 13-уулаа Зайсан толгойн баруун талд буюу ХААИС-ийн урд нэгэн модон байшинд тэд долоо хонож л дээ. Найм дахь хоногт нь Маршал Х.Чойбалсан тэднийг дуудаж, найрсгаар хүлээн авч, тушаал уншсан байна. Хамгийн түрүүнд Ч.Шаарийбууг ахлах дэслэгч болгож, Тамсагийн зургадугаар дивизийн даргаар, Д.Нянтайсүрэнг Цэргийн ерөнхий сургуульд Сумангийн даргаар, Л.Дандарыг Тамсагийн VIII дивизийн 22 дугаар хорооны штабын туслахаар томилжээ. Дараа нь түүнийг 22 дугаар хорооны дарга болгож, байлдааны тэргүүн шугамын ангийн 17 дугаар хорооны даргаар томилсон байгаа юм. Тэр нь Ч.Шаарийбуугийн командалдаг Тамсагийн зургадугаар морьт дивиз л дээ. Л.Дандар баатрыг ажлаа хүлээж авдаг эхний өдөр нутгийнх нь н.Лувсанчүлтэм цэргийн По-2 онгоцтой, нэгэн орос нисгэгчийн хамт шуудан хүргэж иржээ. Шуудангаа хүлээлцэж авчихаад, манай онгоцыг нисэх үеэр Японы байлдааны хоёр онгоц гэнэт гараад ирсэн гэнэ. Манай онгоц яг өндрөө авч байх үед дайснууд сөнөөн, агаарт дэлбэрч, доош унасан байна. “Анх удаа байлдааны ажиллагааг нүдээр үзэж, хоёр хүнээ алдсан. Их харамсалтай байсан. Үүнээс хойш Японы түрэмгийлэгчдийн онгоц үе үе довтолж, дайсантай байлдах ширүүн ажилдаа орсон” гэж ярьж билээ.

-Та ярилцлагынхаа өмнө Л.Дандар баатар Ч.Шаарийбууг онцлон ярьдаг байсан гэсэн. Учрыг нь хэлж өгөөч?

-Ч.Шаарийбуу Тамсагийн зургадугаар морьт дивизийн даргаар ажиллаж байгаад Халх голын дайнд амь үрэгдсэн хүн. 1939 онд хүмүүсийг олноор нь хэлмэгдүүлж, Японы урвагч хэмээн “цоллож” байсныг хүн бүр л мэднэ. Тухайн үед Шаарийбууг ч гэсэн “Эх орноосоо урвасан” гээд одоо болтол баатар цол олгоогүй байгаа юм билээ. Түүнийг урваагүй гэж Дандар, Нянтайсүрэн хоёр баталж ярьдаг байсан. 1939 тавдугаар сарын 28-нд “Дивизийн дарга Ч.Шаарийбуу алга боллоо. Тэрбээр эх орноосоо урвасан” гэж дайны талбарт мэдэгджээ. Харин Дандар, Нянтайсүрэн хоёр түүнийг “Шаарийбуу урваагүй, эх орныхоо төлөө, байлдааны шугамын тэргүүн эгнээнд дивизээ командалж яваад, буудуулан, амиа алдсан. Хойч үедээ үнэн зөвийг хэлэх ёстой юм шүү” гэдгийг батлан ярьдаг байсан. Шаарийбуу Тамбовын Морин цэргийн сургуульд нөхөдтэйгөө хамт сурч байхдаа хоёр зүйлийг биедээ нандигнан авч явдаг байж л дээ. Нэг нь улаан өнгийн бажгар дурдан алчуур, нөгөө нь ээжийнх нь мөнгөн бөгж. Тэрбээр Хэнтий аймгийн Галшар сумын хүн. Нутгийнхаа нэгэн бүсгүйтэй танил болж, улмаар ханилан суух талаар ярилцаж, үүнийхээ баталгаа болгож, улаан дурдан алчуурыг нь биедээ авч явдаг тухайгаа Дандар болон найзууддаа ярьж байжээ. Гэтэл дайны талбар дээрээс Нянтайсүрэн, Дандар хоёр түүний цогцсыг олоход нас барахынхаа өмнө цусаа тогтоох гэсэн болов уу гэмээр улаан дурдан алчуураараа амаа дарсан, мөнгөн бөгжөө гартаа атган, амь тавьсан байж. Дандар баатар журмын нөхрөө тийм байдалтай амь тавьсныг нь хараад ихэд өрөвдсөн гэсэн. Түүнийг мөн болохыг гэрчлэх өөр нэгэн зүйл нь зүүн бугуйн дахь зүрхэн хэлбэртэй шивээс. Тэр нь ч таарсан гэдэг. Дандар баатар амьд сэрүүн байхдаа түүнийг л их ярьдаг байсан. Монголынхоо ард түмэнд дамжуулж хэлмээр санагдлаа.

Үүний дараахан 1939 оны долдугаар сарын 1-5 нд Халх голд айхтар ширүүн тулалдаан болсон гэсэн. Тэгэхэд хошууч И.М.Ремизовын командалсан Мото буудлагын 144 дүгээр хороо, М.П.Яковлевын Танкийн 11 дүгээр бригадтай Тамсагийн зургадугаар дивиз хүч хавсран, дайны их шуурга сөрөн Японы 2000 цэргийг бут цохьсон байна. Зургадугаар дивиз дангаараа дайсны 600 гаруй цэргийг устгасан гэдэг. Үүний дараа Иргэдийн бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны есдүгээр сарын 7-ны 70 дугаар тогтоолоор Л.Дандарыг БНМАУ-ын баатар цолоор шагнасан гэж ярьж байсан. Х.Чойбалсан “Баатар гэхээр жаахан сүргүй юм. Өмнө нь “гарамгай” гэдэг чимэг нэмж оруулъя” гээд гарамгай баатар болгож л дээ. Тэрийгээ надад их л сүртэй ярьдагсан. “Ард түмэн маань намайг “Алаг морьтой, гарамгай баатар Дандар хэмээн хүндэтгэдэг” гээд л... Түүний алаг морь нь дайны талбарт дөрвөн ч удаа шархдаж байсныг хүмүүс андахгүй биз ээ. Тухайн үед би Дандар баатраас “Танай аав Лодон ямар хүн байсан юм бэ. Мундаг эр байсан уу” гэхэд “Үгүй ээ, үгүй. Лодон гэдэг чинь миний ээж. Би ээжээрээ овоглосон” гэж билээ. Ээж нь амьдралын боломж тааруу эмэгтэй байсан гэсэн. Хүүгээ Дум гэх хүнд өргүүлж, өргөж авсан ээж нь Дандар баатрыг хүн болгосон юм билээ.

-Та Дандар баатрыг хүнлэг энэрэнгүй, дайчин нөхдөө хэзээ ч мартдаггүй хүн байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юү?

-Тийм ээ. Хамт байлдаж явсан нөхдөө үргэлж санаж дурсдаг. Бага тушаалын цэрэг гэж хэзээ ч голж байгаагүй. 1973 онд би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Тэгэхэд аймгийн захиргаанаас намайг дуудаад Цэрэг арми сурталчлах сарын ажилд томилж, Дандар баатар, “Улаан-Од” сонины эрхлэгч Ж.Ядмаа гуай бид хэд Хэнтий аймгийн хойд сумдаар явахаар болсон юм. Тэр хоёрыг аваад яв гэсэн нь учиртай байж. Дандар баатар Наймдугаар дивизийн 17 дугаар хороонд хамт байлдаж явсан Доржхандыгаа эргэхээр болоод, түүнийг олж өг гэсэн үүрэг надад өглөө. Замдаа гартал Дандар баатрын бие муудаж, хатгаа тусчихав. Ханиалгах бүрт цустай цэр гарч, халуураад арайхийн БаянАдаргад ирлээ. Эмч дуудах гэтэл Дандар баатар “Яах юм бэ, надад эм байгаа. Түүнийгээ уучихна” гээд үзүүлсэнгүй. Тэгэхээр нь би Сум дундын эмнэлэг орж, үүрийн 05.00 цагт их эмч авчран үзүүлтэл “Хатгаа нь хүндэрсэн байна, тариа хийнэ” гэлээ. Тэгтэл баатар маань “Үгүй, би тариа хийлгэхгүй. Миний хамгийн их айдаг зүйл тариа хийлгэх” гэдэг байгаа. Ядмаа гуай хажуунаас “Баатар хүн байж тарианаас айгаад байхдаа яах вэ дээ. Ийм аймхай байж яаж баатар болсон юм бэ” гэж наргиж билээ. Эмч ч цагаар тариа хийж, овоо гайгүй боллоо. Биндэр сумаар дайрч, Батширээтэд ирлээ. Сумын дарга Доржхандыг “Багт байгаа” гэхэд Дандар баатар “Дуудуулаад яах вэ, шууд яваад очъё” гэсэн юм. Биднийг очиход 60 нэлээн дөхсөн, өрөөсөн хөлгүй хүн угтлаа. Дандар баатрын командаар Халх голд байлдаж яваад, өрөөсөн хөлөө “гээжээ”. Өрөөсөн хөлтэй хэрнээ сумынхаа аварга хадланчин гэж байгаа. Тэд хэсэг хөөрөлдөж, зураг хөргөө татуулсан юм. Дараа нь Халх голын ялалтын 45 жилийн ойгоор Л.Дандар, Д.Нянтайсүрэн, С.Төмөрбаатар Ч.Олзвой, Н.Жамбаа нарын баатруудтай ойн баярын хуралд сууж билээ.

-Дандар баатар танд дайны он жилүүдийнхээ хөгжилтэй түүхээс ярьж байв уу?

-Аан тийм. Нэг зүйл санаанд орлоо. Халх голын 45 жилийн ойн баяраар Нянтайсүрэн баатрын бие ихэд чилээрхсэн юм. Царай нь хөхрөөд, зүрх нь нэлээд муудсан бололтой. “Зүрхэнд 100 грамм сайн гэнэ лээ” гэж намайг хэлэхэд Дандар баатар орныхоо дээд талын хөндийгөөс конъяак гаргаж ирээд түүнд өгтөл 20 минут орчмын дараа хөлс нь чийхраад, босоод ирдэг байгаа. Гэтэл Дандар баатар “Чи Халх голын байлдаанд үргэлж миний дээр албан тушаал хашиж, намайг даргалж байсан. Гэхдээ яах вэ. Хамт байлдаж явсан юм болохоор Халх голдоо тайван нойрс доо. Ажил явдлыг чинь сайхан хийнэ ээ, хөгшин нь” гэж ярьдаг хүн дээ. Би ч ямар хатуу тоглодог юм бэ л гэж бодсон. Гэтэл Нянтайсүрэн баатар инээж л байсан. Өөр нэг инээдтэй ч бахархмаар явдлын тухайн өгүүлье. Дандар баатар байлдааны үеэр Японы хорооны дарга, дэд хурандаа Азубиниг л барьж авъя гэж шийджээ. Яг тулааны үеэр Дандар баатар дайсны нуувч руу дөхөж очоод нөгөө даргыг чинь барих гэтэл хоёулаа байж. Мань хүн бодохдоо “Би ганцаараа, тэд хоёулаа. Арай барахгүй байх” гээд алсаас ажиж суутал нэг нь үхчихсэн бололтой, ер хөдлөхгүй байна гэнэ. Тэгэхээр нь чимээ гаргахгүйн тулд гутлаа тайлаад, хөл нүцгэн дайсны нуувч руу очин, нөгөө нөхрийн дээрээс гэнэт үсэрч буугаад, нэлээн ноцолджээ. Цаадах нь махлаг, тэнхээтэй нэгэн байсан аж. Дандар баатрын халимагнаас нь зуурчихаад, хөдөлгөхгүй нэлээд үзэлцжээ. Манай хүн буугаа сумлаад халаасандаа хийснээ гэнэт санаж, гэдэс рүү нь чиглүүлээд хоёр буудтал гар нь сулраад амь тавьсан гэнэ. Түүний цүнхийг гялс аван, дивиз дээрээ очоод хартал манайхны эсрэг хэзээ, хэдэн цагт, ямар хүчээр давших гээд дайсны байлдааны бүхий л тактик, төлөвлөгөө нь байсан байна. Ийм л мундаг, зоригтой хүн байсан. Дайны гал дунд японтой гардан тулаан хийж, үсдүүлэн байж дайсны тулааны тактикийг олж авч чадсан байгаа юм. Нийслэлийн Цэрэг татлагын комисст ажиллаж байх үед хамгийн сүүлд түүнтэй уулзсан юм байна. Түүний бие их муу байсан. Эмнэлэгт хэвтэж байгаа хэрнээ нэг хүүхдийг цэргээс чөлөөлүүлэх асуудлаар надтай ирж уулзсан нь тэр. Түүнээс хойш сар гаруйхны дараа бурхан болсон доо, хөөрхий.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

-Танай сонины хамт олонд баярлалаа. Ажил нь үргэлж тэгш, алдар нь үргэлж төгөлдөр, үйлс нь үргэлж бүтэх болтугай.

 

 Эх сурвалж өнөөдөр сонин 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 07 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186190
Өнөөдөр зочилсон 740
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.