Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ХАЛХЫН ГОЛ БА БНМАУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛ
ХАЛХЫН ГОЛ БА БНМАУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛ
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

1989 оны зургадугаар сард Улаанбаатарт, 1990 оны наймдугаар сард  Москва хотноо болсон Халхын голын мөргөлдөөний асуудлаарх симпозиумуудад биеэр оролцсоны хувьд энэ асуудлаар нэг талаас ЗСБНХУ, БНМАУ-ын судлаачид, нөгөө талаас Японы эрдэмтдийн хооронд нэлээд өөр өөр ойлголтууд байдгийг мэдэрсэн юм. Энэ ялгаатай ойлголтууд нь зөвхөн тодорхой асуудлын хүрээнд ч бус дайн, улсын хил, төр улсын тухай зэрэг ерөнхий асуудлыг ч ойлгох ялгаатай үзэл бодлоос урган гардаг бололтой. Зөвлөлтийн, Монголын, Японы эрдэмтэд тус тусын хэвшмэл бодлын хүрээнээс гарч чадалгүй бусдын тухай алдаатай бодлоо хадгалсаар симпозиумаас гарцгааж байсан нь надад гомдолтой санагдсан. Тийм учраас энэ удаагийн симпозиумын нэгэн зорилго нь өөрсдөө анзаардаггүй ч байж болох бие биеийнхээ тухай хэвшмэл ойлголтоо арилгахад орших болов уу гэж бодно.

Дайныг зөвхөн оролцсон талуудын стратегийн бодлого, зэвсэгт хүчнийг судлах замаар үзвэл дайны тухай ойлголт бүрэн бус болно. Дайны тухай гүнзгийрүүлсэн ойлголт нь дайтаж буй талуудын үнэт зүйлийн системийг танин мэдэхүйтэй шууд холбоотой юм. Иймд цэргийн судалгаа нь бас соёл иргэншлийн харьцуулсан судалгаа байх учиртай. Дайны судалгаа ард түмнүүдийн харилцан ойлголцоход нөлөөлөх учиртай.

Дээр өгүүлсэнтэй уялдуулан, японы талын төлөөлөгчийн хувиар дараах асуудлуудаар өөрийн бодлыг хэлэхийг хүсч байна. Үүнд:

1.Халхын голын мөргөлдөөн нь чухам Зөвлөлтийн зэвсэгт хүчний эсрэг зэвсэгт сөргөлдөөн хийнэ гэж зохих хэмжээнд төлөвлөгөөг хэрэгжүүлсэн зүйл биш юм. Зөвлөлтийн судлаачид  японы зүгээс ЗСБНХУ-ын тухайд баримталж байсан цэргийн төлөвлөгөөг өгүүлэхдээ ихэвчлэн 1927 оны Танакийн меморандумыг баримт болгож заадаг. Гэтэл энэ меморандумыг нэгэн хятад хүн хуурамчаар үйлдэж, дараа нь Коминтерн тараасан зүйл юм гэдгийг одоо хаа сайгүй мэдэх болжээ. Энэ меморандум мэтийн үнэн хэрэгтээ байгаагүй баримт сэлтийг үндэслэн судалгаа хийнэ гэдэг зарчмын хувьд буруу болох нь гарцаагүй. Энэ талаар хүмүүс тодорхой зүйл хэлэх байх гэж бодож байна.

2.Квантуны арми Токиогийн зааврыг үсэгчлэн дагаж байлдсан гэж зөвлөлтийн тал үздэг. Гэтэл Токио, Квантуны арми хоёрын хооронд  тун  ч ширүүн сөргөлдөөнт байдал нэг бус удаа гарсан байдаг. Тухайлбал, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдал Токиогийн бодлоос зөрсөн хэрэг байсан агаад үүний дараагаар Токио ба Квантуны армийн командлалын хооронд ноцтой сөрөг байр суурь бий болжээ.

   Квантуны армийг идэвхтэй ажиллагаанд хошууч Цузи түлхэж байжээ. Чухамдаа тэр л “Хилийн будлианыг авч үзэх үндсэн зарчмууд” гэдэг генерал Тэрада-ийн нэрээр хэвлэгдсэн удирдамжийг бичсэн байна. Энэ асуудал өөр илтгэлүүдэд хөндөгдөх байх, гэхдээ би Цузи Масанобу-гийн тухай хэдэн үг хэлэхийг хүсч байна. Цузи тэрчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед ч хэд хэдэн санаанд багтамгүй, бодлогогүй операци явуулж нэрээ дуудуулсан хүн юм. Дэлхийн II дайн дуусах үед тэрбээр Тайландад байжээ.

Батаан болон Коррегидорт олзлогдогсдыг буудан алж, түүгээр ч барахгүй тэдний махыг идэж байсан гэдэг хэрэгт сэжиглэгдсэн учир Цузийг Британийн цэргийнхэн мөрдөн хайсан агаад 1948 онд тэрбээр ламын хувцас өмсөн Япондоо эргэж иржээ. 1952 онд Исикава хязгаарын сонгуулийн 1 дүгээр тойргоос парламентад сонгогдсон ба түүний төлөө хамгийн их санал өгсөн байна. Энэ үес Цузи хэд хэдэн ном бичээд байсны дотор 1950 онд хэвлэгдсэн “Номонхан” гэдэг ном нь Халхын голын үйл явдлын тухай бичдэг зохиолч гэдэг алдрыг авчирчээ. 1955 онд парламентын депутатын хувьд уригдаж ЗСБНХУ, Хятад улсад айлчилжээ. 1958 онд тэр үедээ хамгийн “зүүнд” тооцогдох оюутны байгууллагаас 3 оюутныг сонгон авч, тэдний хамт өөрийнхөө зардлаар Зүүн Герман руу (БНАГУ) аялжээ. 1961 онд Цузи Зүүн өмнөд Азиар аяллаар одоод сураг тасарчээ.

Тэрбээр ядуувтар тосгонд өссөн хийгээд их л хөдөлмөрч хүн байж. Хувь тавилангаараа армид өсөн дэвших төөргөө олж, тэхдээ эрчим чадал, амьдрах чадвараараа ховорхон тохиох авантюрист болон хувирчээ. Ер нь дайны тухай, түүнд оролцсон япончуудын тухай бодохдоо Цузи шиг төрхтэй хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийн төлөвшилтийн тухай зайлшгүй санаж баймаар санагдана.

3.Улсын хил гэдэг ойлголтыг япончууд хэрхэн ойлгодог тухай хэдэн үг хэлэхийг хүсэж байна. Япончуудын ойлгоц нь орон орны ард түмний зан төрх, газар тариалангаар амьдардаг ард түмний онцлог байдлаас нөхцөлдөн бүрэлдэнэ. Япончуудын уламжлалт амьдрах орчны тухайд гэвэл тэд оросууд шиг юмуу, монголчууд шиг тодорхой орон зайд өөр улс түмэнтэй үргэлж хөрш зэргэлдээ харьцаж, амьдарч байгаагүй. Тэдний хувьд улс төрийн хил (Улсын хил) гэж ерөөс байгаагүй, харин байгалийн хил буюу далайн хил л гэж байв. Тийм ч учраас тэдэнд Халхын голоор хил хуваагддаг гэдэг мэдээллийг үгүйсгэх нь хүнд байсан хэрэг. Тэд голын хоёр талд амьдрал нь буцалж байгаа талын нүүдэлчдийн орон зайны тухай ойлголтыг ойлгохгүй байв.

Нүүдэлчин монголын ард түмэн орчин цагийн төр улсын хил гэдгийг дээхэн үедээ тийм ч гүнзгий ухаарч байсангүй.

Манж-Го улс гэгчийг зохиомлоор бий болгосон учир түүний хилийг тодорхойлохдоо чухам энэ газарт амьдарч, шимийг нь хүртэж байсан ард түмний ойлгож байдгаас өөр зарчмыг баримталжээ.

4.Хилийн тухай ойлголттой нягт холбоотой асуудал бол газар зүйн нэр томъёоны асуудал юм. Хэл судлаачийн хувьд энэ асуудлын чухагийг товойлгон харуулахыг ихэд хичээдэг юм. ЗСБНХУ, Монгол Улстай харьцуулахад Японд энэ дайны тухай судалгаа, дуртгал хамаагүй их бичиж хэвлэгдсэн. Харин монголын судлаачдын зүгээс ном зохиолд тохиолдож буй Японы армийн хэрэглэж байсан газар зүйн нэрүүд нь ихэнхдээ ямар утгатай нь мэдэгдэхгүй, гол төлөв монгол дуудлагыг сүрхий гажуудуулсан, эсвэл ерөөс орон нутгийн түүхэн нэртэй ямар ч холбогдолгүй, байлдааны явцад армийн хэрэгцээнд зориулж өгсөн нэрүүд бололтой гэж хэлэхийг би багагүй сонсож явлаа.

Нэгэн нийтлэг жишээ хэлье.

“Норо өндөрлөг” энэ газар буга амьдардаг бөгөөд Японд бугыг “норо” гэдэг учир энэ нэр үүссэн хэрэг гэж тэмдэглэсэн ном байдаг. Зөвлөлтийн цэрэг түүнийг “высота зеленая” гэсэн байдаг нь монгол нэрийг нь орчуулсан хэрэг. Монголчууд энэ өндөрлөгийг “ногоон” гэж нэрлэдэг. Энэ өндөрлөг өтгөн ургасан өвсөөр бүрхмэл, түүгээрээ ч ялгардаг.

Монгол хэлний “Г” үсэг авиан зүйн дуудлагаар “тагнайшсан, хамжин шүргэх, дуутай” гийгүүлэгч учир “ро” гэдэгтэй ойролцоо сонсогдсон байх.

Бас нэг жишээ авья. “Фун өндөрлөг”-монголоор түүнийг “хуруу” буюу оросоор “палец” гэж орчуулагддаг бөгөөд хэлбэрийн хувьд хуруутай төстэй байж болох юм. Гэтэл японы цэргийнхэн энэ өндөрлөгийг “Фун” гэж нэрлэсэн байна. Түүний өндөр нь 721 м байдаг болохоор цэргийнхэн сүүлийн 2 тооны дуудлагаар нэрлэсэн хэрэг буй за. Хачирхалтай нь оросын цэргийнхэн эхэндээ “хуруу” гэдэг монгол нэрийг орчуулан “палец” гэж нэрлэж байснаа саяхнаас зурган дээрээ уг өндөрлөгийг “Фун” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэх болсныг мэдэх нь сонин л байхсан.

Үндэсний батлан хамгаалах газрын цэргийн түүхийн хэлтсээс гаргасан хамтын бүтээлд бичсэнээр мөргөлдөөний бүр эхэн үед тавдугаар сарын 15-нд Азума хошууч “Норо район” гэж бичигдсэн газарт хүрэлцэн ирсэн ажээ. Энэ ч бүрэн байж болох зүйл.

Куксийн номонд бол “Номонханд ирсэн” гэж бичсэн нь нэлээд задгай хэрэг. Монголын зохиолч Самдангэлэгийн номонд Азумагийн отряд “Дунгар Овооны” ойролцоох хэдэн өндөрлөгийг эзэлжээ гэсэн байдаг. Японы талын тооцож үзсэнээр Дунгар овоо нь 691 м өндөр бөгөөд мөн сүүлчийн хоёр тооны нэрээр Кун гэж нэрлэгддэг байж.

Үүнээс гадна японы талаас нэрлэсэн “Тыква (нэгэн зүйл идэшний ногоо) толгод”, “Хризантемын фронт” зэрэг олон нэрүүд гурван талын хэрэгцээнд тохирохгүй нь мэдээж. Куксын бүтээл бараг бүхлээрээ Японы протокол, бүтээлд тулгуурласан болохоор түүнийг бүх талд тохирох юм гэж, ядахад л газар зүйн нэр томъёоны тухайд үзэж болохгүй юм.

Японоор нэрлэгдсэн хамгийн тааварлахад бэрх газар зүйн нэрийн нэг нь “Тауран” гэдэг нэр юм. 1936 оны гуравдугаар сарын 31-ний мөргөлдөөнийг энэ газар зүйн нэрээр “Таураны будлиан” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нэр Куксын эш татсан зурган дээр ч байна. Газар зүйн нэрийн асуудлаар нарийн судалгаа явуулсан Китагава Сиро “Тауран гэгч япончуудын оруулсан газар зүйн нэр, ойлгоход хамгийн төвөгтэй газар зүйн нэр юм” гэж тэмдэглээд энэ газар нь угтаа “Долоон хонхор” гэдэг газар бололтой гэж тааварлажээ. (Түүний “Номонхан” номын 36 дахь талд) Гэтэл монгол сурвалжуудтай харьцуулж үзэх юм бол “Тауран” нь “Адаг дулаан” гэдэгтэй дүйж байна. Монгол хэлний эхэн үеийн хамжин шүргэх дуутай гийгүүлэгчид япончуудад ихэнх тохиолдолд дуугүй мэт сонсогддог талтай учир “дулаан” гэдэг нь “таруан” болж хувирчээ.

Халхын голын цэрэг түүхийн судалгаа нь нэлээд ховор тохиолддог нэгэн үзэгдэл буюу цэргийн түүхийн судалгаа газар зүйн нэр томъёоны түмэн будлиантай учрах явдлын гэрч болжээ.

Миний саяхан уншсан “Николай Поппегийн дурсамж” хэмээх  ном  (Англи эх нь 1983 онд хэвлэгдсэн. Японд 1990 онд орчуулагдсан) надад олон зүйлийг бодогдууллаа. Поппе 1943 онд ЗСБНХУ-аас дүрвэн гарч АНУ-д суурьшжээ. Тэрбээр одоо амьд сэрүүн буй хамгийн нэр хүндтэй хэл шинжлэгч-монголч эрдэмтдийн нэгэн билээ. Поппе, 1939 онд хилийн шугам тогтоох асуудлаар ажиллаж байсан хошууч генерал Богданов түүн дээр ирсэн тухай дурсамжиндаа “Богданов монголоор уншиж чаддаггүй байсан ч элдэв тохиолдолд энэ районы тусгай зориулалтын (ач холбогдлын) талаар өндөр мэдлэгтэй байв. Тэрчлэн тэр зураг дээрх гол ус, нуур, сүмийг заахдаа нэрийг нь хэлж байлаа. Түүний хэлэх бүрд би зөв болохыг нь баталж суулаа. Богданов явахдаа Япон, Манж-гогийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үед ашиглах зорилгоор нэлээд хэдэн газрын зураг авч явсан. Би түүнд бас иезун нарын 17 дугаар зуунд үйлдсэн хятадын газрын зургийн бүрдлийг өгсөн юмдаг. Хошууч генерал надад болон манай нөхдөд талархсанаа хэдэнтээ илэрхийлээд Япон, Манж-гогийн зүгээс тавьж буй шаардлагууд ямар ч үндэслэлгүй юм гэж хэлж билээ.

Үүнээс үзэхэд японы талд Богдановтай өрсөлдчихөөр цэргийн хүн байгаагүй бололтой.

Газар зүйн нэр ус угтаа угсаатны гарвалтай байдаг. Харамсалтай нь дайн эхэлж, аль нэг газар нутагт гадаадын цэргийнхэн довтлон орох үед тус газар усны түүх соёлтой холбоогүй цэргийн газар зүйн нэр томъёонууд гарч ирдэг ажээ.

Миний бодоход угсаа гарвалтай холбоотой газар усны нэрийг сайтар тодотгох нь түрэмгийлэлд өртсөн улсын нутаг дэвсгэрт халдан орсон гадаадын цэргийнхний үйлдлийг буруутгахад чухал тус нэмэр болох юм.

5.Ямар ч дайн өөрийн тодорхой зорилго, үзэл бодол, логик тайлбартай байдаг. Халхын голын байлдаанд оролцсон японы армийн цэргүүд энэ дайны утгыг бараг ойлгоогүй. “Монголын үндэсний соёлыг, ялангуяа буддизмыг коммунизмаар устгуулахаас хамгаалъя!” гэх маягийн уриа лозун ч байгаагүй юм.

Япон цэргүүд, тухайлбал, “Номонхан” гэдэг нэр буддизмтай нягт холбоотой юм” гэдгийг ч мэдэхгүй байв. Энэ утгаар нь авч үзвэл Японы арми улс төрийн талаар ч, соёлын талаар ч хоцрогдсон байв. Зөвлөлтийн тухайд бол “социалист хөгжлийн замыг сонгож авсан БНМАУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах” тэдний зорилго тодорхой байв. Японы арми-түрэмгийлэгч арми байсан учир Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагааны зөв байсанд эргэлзээ үгүй. Энэ симпозиум дээр Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалсан “Зөвлөлтийн армийн” баатарлаг үйлсийн тухай дахиад зөндөө л яригдах нь лавтай. Гэхдээ үүнтэй холбоотойгоор би дараах асуудлыг хөндьюү гэсэн юм.

1921 онд, Гадаад монголын 7  хүн бүхий хувьсгалчдын бүлэг, Зөвлөлт Орос, АДБНУ-аас цэргийн тусламж авч эх орноо чөлөөлөхөд БНМАУ тусгаар тогтнолоо олж авсан. Энэ утгаар бол Орос улс бүр эхнээсээ Монгол Улсын тусгаар тогтнолоо олж авах, түүнээ батлан хамгаалахад нь шууд холбоотой байсан юм. Гэхдээ л энэхүү “тусгаар тогтнолын” нөхцөлд Монгол Улс ЗСБНХУ-аас өөр улс оронтой дипломат харилцаатай болж чадахгүй байв. ЗСБНХУ, Монгол Улсын тусгаар тогтнолд нэмэр дэмжлэг болохын зэрэгцээ түүнийг бусдаас хөндийрүүлж, түүгээр ч барахгүй шууд хааж байв.

Монгол Улсын гадаад ертөнцтэй харилцах харилцаанд хамгийн “аюултай”  нь Японтой харилцах явдал байв.  Монголын тусгаар тогтнол, хувьсгалын төлөө хөдөлгөөний тэргүүн нар хувьсгалын эхний өдрөөс эхлэн “эсэргүү” гэгдэн шил шилээ даран цаазлагдсаар 1940 он гэхэд Х.Чойбалсангаас бусад нь бүгд үрэгдсэн байв. Тэдний “эсэргүү чанар” нь “ЗСБНХУ-тай найрсгаар ойртон нягтрахын эсрэг байж, Японы гар хөл бологсод” болсонд оршиж байжээ. “Японы гар хөл бологсод” хэмээх ял тулгалт Монгол-Манж-гогийн хилийн будлиан байн байн гарах болсон үед буюу 1930-аад онуудад оргилдоо хүрч нийтлэг тархсан байна.

1937 онд БНМАУ-ын ерөнхий сайд П.Гэндэн “Японы гар хөл бологч” гэгдэн цаазаар авахуулжээ. Учир нь тэрбээр И.Сталины шаардлагыг биелүүлэхээс татгалзсан аж. Мөн тэр жил Москва руу дуудагдаад, очих зуур Сибирийн төмөр замын нэгэн өртөөн дээр алагдсан маршал Г.Дэмид “японы тагнуул” хэмээн зарлагджээ.

Энэ үес Япон-Зөвлөлтийн хилийн байдал хурцадмал байсныг тооцвол ЗСБНХУ-ын зүгээс японд болгоомжлон хандах нь зөв байсан биз. Гэхдээ тусгаар Монголын удирдагчдыг цаазлах ажиллагаа бүр хувьсгалын дараах жил буюу 1922 онд эхэлсэн юм гэдэгт анхаарахгүй байж боломгүй. “Эсэргүү” хэргээр тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төлөөлөгч нам, засгийн газрын тэргүүн С.Бодоо эхлээд цаазаар авахуулсан. 1924 онд намын бас нэг удирдагч, цэргийн сайд С.Данзан цаазлуулсан. Цаазлагдсан удирдагчдын тухайд нийтлэг байсан зүйл нь тэдний эх орноо зөвхөн нэг оронтой буюу ЗСБНХУ-д чиглэсэн гадаад харилцаанаас ангижруулж, бусад гадаад оронтой, түүний дотор Японтой чөлөөт харилцаатай байлгах гэсэн эрмэлзэл байв.

Монголыг тусгаар болгохын төлөө хөдөлгөөний удирдагчдын дотор Японд хэсэг хугацаанд амьдарч байсан. Япон лугаа эерүү бодолтой хүмүүс ч байжээ. Түүний нэг нь Хөлөнбуйраас гаралтай япон Данзан юм. Тэрбээр Иокогама-д амьдарч байгаад хувьсгалын сургаар эх орондоо ирсэн байна. Түүний япон хэл сайн мэддэгийг ашиглан Японы асуудлыг хариуцах хүнд тооцож байжээ.

ЗСБНХУ-ын зүгээс Монголд Японы нөлөөллийг үгүй болгохын тулд бүх хүч чармайлтаа дайчилж байв. Үүнийг 1936 онд, Зөвлөлт-Монголын цэргийн холбоог байгуулсны дараа ажил хэрэг болгож чадсан юм. Энэ холбооноос болоод Монгол Улс ЗСБНХУ-ын хараат байдлаас гарч чадахаа нэгэнт больсон юм.

Дээр хэлсэнчлэн тусгаар Монголын төлөө эрмэлзэгчид бүгдээрээ эх орноо ЗСБНХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс болгохын эсрэг  байсан ерөнхий сайд П.Гэндэнгээсээ эхлээд 1937 оноос цаазлуулцгаасан юм. 1938 онд Монголын армиас ахмад Бямбаа Манж-Го-д оргон зайлж Монгол нутаг дахь ЗСБНХУ-ын колони улсын тухай японы талд мэдээлэхийг эрмэлзсэн юм. Мөн тэр жил ЗСБНХУ-аас ДХАК-ын Алс Дорнод дахь удирдах ажилтан Люшков оргон гарсан билээ.

Дараа жил нь Халхын голд цэргийн мөргөлдөөн гарлаа. Дээр нэрлэсэн оргон гарагсдаас авсан мэдээлэлд үндэслэн Японы тал хилийн мөргөлдөөнөөс зайлсхийхээ больж, харин ч түүнийг ашиглахаар шийдсэн болов уу гэж бодогдож байна. ЗСБНХУ энэ дайныг эхлэхээс нэг жилийн өмнө “японыг баримтлагчид” юмуу, зөвлөлтийн цэргийг гаргахыг хүсэж байсан бүх хүчийг нуга дарж авчихаад сууж байв. 1939 онд Япон улс ялагдсан нь Монгол Улс нэрийн төдий боловч Тусгаар тогтнолоо хадгалахын тулд ЗСБНХУ-тай нэгдэн нягтрахаас өөр аргагүйд хүрч, Японтой харилцаатай байх бүх бололцоог бүрэн алдахад хүргэсэн юм.

Энэ сэдвээр чөлөөтэй ярилцах боломж Монголд өөрчлөн байгуулалт эхэлсэн 1989 оны эцсээс л гарч ирсэн билээ.

Сүүлийн үед элдэв сэдвээр чөлөөтэй бичих болсон монголын сонингуудад энэ оны намар бүрэн гаргахаар төлөвлөж буй зөвлөлтийн цэргийг хурдан гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн өгүүлэл материалууд хэвлэгдэж байна. Энэ цэрэг гарснаар гадаад гүрний зүгээс Монголд 70 жил тогтнож байсан ноёрхол унана гэж олон хүн бодож байгаа тухай ч мэдээлж байна. Энэ бүхнээс харахад хэрэг явдал Зөвлөлтийн түүхчдийн “ЗСБНХУ Японы түрэмгийллээс Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалсан юм” гэж мэдэгдэж байгаатай нэг их хавьтахгүй бололтой. Зөвлөлтийн “Батлан хамгаалах”, “хамгаалах” гэдгийг өнөөдрийн монголчууд “ноёрхол”, “дарах” хэмээн ойлгож, түргэн салахсан гэж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Төгсгөлд нь би санаанд амар багтамгүй нэгэн таамаг төсөөллийг хэлье.

Халхын голд Япон ялаад Монголын нутгийн нэлээд хэсгийг эзэлжээ гэж бодож үзье л дээ. Энэ газар нутаг Өвөр монголын нутаг юм уу, монголчууд суурьшсан Манжуурын районуудтай нэгтгэгдэж, тэнд Манж-гогийн маягийн нэг Монгол Улс байгуулагдах байсан биз.

Энэхүү төсөөллийн Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдсаны дараа Манж-Го, Өвөр монгол дахь Дэмчигдонровын автономит Засгийн газрын адил өөрийн бие даасан байдлаа алдах байсан болов уу. Тийм нөхцөлд тэр улс Хятадын газар нутгийн хэсэг болоод одоогийн тусгаар тогтносон БНМАУ байхгүй байх нь ээ. Энэ талаас нь авч үзвэл өнөөдөр монголчууд тусгаар улстай байгааг Зөвлөлтийн заавар хүрээнд удтал байснаар л тайлбарлаж болох юм. Ийм нөхцөлд Х.Чойбалсангийн үүрэг онцгой анхаарал татаж байгаа юм. Тэрбээр зөвлөлтийн цэргийг гаргахыг эрмэлзсэн хамтран зүтгэгчдээ дарж, ЗСБНХУ-тай холбоо тогтоон, Халхын голын байлдаанд Японыг устгах замаар БНМАУ-ын оршин тогтнохуйг олон улсын тавцанд бэхжүүлж, дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл улсынхаа тусгаар тогтнолыг хадгалж чадсан юм.

   Иймд, эцсийн үр дүнгээс нь ажихад, улс төр-стратегийн хүнд нөхцөлд Монгол Улсын сонгож авсан зам зөв байжээ гэж хэлж болох юм.

Танака Кацухико (Япон улсын монголч эрдэмтэн, профессор)

 

1991 он

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811315
Өнөөдөр зочилсон 3073
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.