Эрхэм зорилго:
БХЯ-ны бодлого, ЗХ-ний зорилт үйл ажиллагааг тоглолт үйлчилгээ, соёлын арга хэмжээгээр цэргийн хүрээний анги нэгтгэл, ард иргэдэд хүргэн сурталчилж цэргийн соёл урлагийг бүхий л талаар нь дэмжин хөгжүүлж, олон нийтэд хүргэх менежментийг боловсронгуй болгон, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Зорилт:

  • Цэргийн соёлын арга хэмжээ, тоглолт үйлчилгээг олон түмэнд хүргэж сурталчлах менежментийг боловсронгуй болгох,
  • Байгууллагын үйл ажиллагааг материаллаг орчин нөхцөлөөр сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Уран бүтээлийн чанарыг өндөр түвшинд гаргаж уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх,
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх,
  • Аж ахуйн хангалтыг тогтмолжуулж санхүүгийн хяналтыг сайжруулах

Хүрэх үр дүн:
     Чуулгын тоглолт арга хэмжээ, үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирч, байгууллагын гадаад харилцаа өргөжиж, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөг 100% давуулан биелүүлж байгууллагын удирдлага зохион байгуулалтын менежмент эрс дээшлэнэ.


ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

     1932 оны 12 Дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхэн замнал эхэлсэн билээ.

     Тус чуулга улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллага бөгөөд монгол улсын урлагийн тэргүүлэх зэргийн байгууллага болтлоо хөгжиж ирлээ.

     1932-1942 онуудад Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амьдруулсны зэргэцээ Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсанаараа түүхэн гавьяатай.

     Тус Чуулга нь 1945 оны чөлөөлөх дайны талбарт цэрэг, дайчид чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагаар үйлчилсэн цорын ганц урлагийн байгууллага бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй, бие даасан уран бүтээл туурьвиж улсын болон олон улсын чанартай соёл урлагийн томоохон арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож ирсэн билээ.

     Үүний жишээ нь: ОХУ, Чех, Румын, Польш, БНАСАУ, Герман, Турк, Франц, Токио, БНСУ, Бельги, БНХАУ, Тайланд зэрэг улс орнууд, Москва, Софи, Таллин, Берлин, Бээжин, Пхеньнян зэрэг олон хотын их театрын тайзнаа тус чуулгын найрал дуучид, бүжигчид, хөгжимчид удаа дараа тоглолт хийж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсныг дурьдахад хангалттай юм.

     Чуулгын уран бүтээлийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 1962 онд “Байлдааны гавьяа”-ны, 1982 онд “Байлдааны гавььяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнаж 2002 онд чуулгын түүхт 70 жилийн ойгоор “Эрдмийн чуулга” гэсэн эрхэм алдрыг хүртээсэн юм.

     ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн эгнээнээс олон арван алдар цуутан, төрийн шагналтнууд, ардын жүжигчид, урлагийн гавьяат зүтгэлтнүүд, түүний дотроос 50 гаруй гавьяат жүжигчид төрөн гарсан нь чуулгын амжилт бүтээлийн түүхэн замнал, алдар гавьяаг илтгэн харуулж байна.

     Манай чуулга “Ардын найрал хөгжим”, “Эстрад симфони найрал хөгжим”, “Бүжиг”, “Найрал дуу”-ны ангийн уран бүтээлчдээс гадна Захиргаа аж, ахуйн албан хаагчдаас бүрдэдгээс:

    

     Найрал дууны анги нь Монголын урлагийн түүхэнд “60 хар” хэмээн алдаршсан хамгийн анхны эрэгтэй найрал дуучдын суурийг тавьсан бөгөөд Монголын дууны урлагийн түүхэнд “Цэрэг эх орны” сэдэвтэй дууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна, Тэдний дотроос МУГЖ Б.Төмөр, Л.Цэрэнпил, Д.Дашням, Ө.Баярмагнай, Д.Тунгалаг, Н.Отгон, Г.Жанчив, Ч.Туул, Г.Батбаяр зэрэг авьяаслаг дуучид, алдартнууд төрөн гарсан билээ.

    

     Бүжиг анги нь мэргэжлийн ур чадвартай уран бүтээлчдээр эгнээгээ өргөтгөн олон үндэстэн ястны, цэргийн болон орчин үеийн сэдэвтэй бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэж, дэлхий дахинд монгол бүжгийн гайхамшигийг сурталчилсаар иосэн юмаа. Тэдний дотроос МУГЖ Р.Ядамсүрэн, Ш.Дашзэвэг, Б.Батхуяг, Ц.Батбаяр, Ч.Долгормаа зэрэг алдартнууд төрөн гарсан түүхтэй.

     Хөгжим анги нь түүхэндээ “Домра”, “Холимог”, “Эстрад симфони найрал хөгжим”-ийн бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурьвиж ирсэн ба дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид Л.Бетховен, Ж.Бизе, П.Чайковский, Ш.Гуно, Л.Бородин, И.Брамс, Д.Шостакович зэрэг суутнуудын бүтээлүүд болон өөрийн орны С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Д.Бадарч, Д.Дугарсүрэн, П.Хаянхярваа, Ш.Гун-аажав, Д.Мяасүрэн, Р.Ганбат, С.Тараа нарын зэрэг олон арван алдартнуудын уламжлалт ардын болон орчин үеийн урлагийн шинэ шинэ бүтээлүүдээр баяжуулсаар байна. Хөгжимчдийн дотроос МУГЖ Б.Дорж, Г.Дамбийжанцан, Д.Цэрмаа, Г.Тэрбиш, Х.Галсантогтох нарын зэрэг алдартнууд төрөн гарсан нь бид бүхний бахархал юм.

     Цаашид гадаад орнуудын урлагийн байгууллагуудтай уран бүтээл, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагийн дээр энэ улиралд “Монгол жуулчин-наадам” ХХК, “Nomadic expedition” ХХК, “Жуулчдын мэдээлэлийн төв” зэрэг аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран гэрээ байгуулан ажиллаа.

     ЦДБЭЧуулга нь одоогоор мэргэжлийн дадлага туршлагатай офицерууд, эрдэмтэн багш, удирдах ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр урлаг уран бүтээлээ туурьвин, үйл ажиллагаагаа зохион байгуулан явуулж байна.

Хаяг: Улаанбаатар 51,
          БЗДүүрэг Дандарын гудамж – 2
          /Офицеруудын ордон/
e-mail: military_chuulga@chinggis.com
Утас: 260189, 92005410, 99114095, 91999611,260423
Факс: 976-11-450189