ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн түүхийн үнэт өв, архивын баримт, эх сурвалжыг хадгалж, хамгаалж, баяжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх.

ЗОРИЛТУУД:

  • Сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтаар нөхөн бүрэлдүүлэх;
  • Сан хөмрөгийн баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг хангах;
  • Архивын мэдээллээр үйлчлэх тогтолцоог боловсронгуй болгох;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг өөрийн орны стандартын төвшинд хүргэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Архив, албан хэрэг хөтлөх журам, стандартыг мөрдөх, архивын тухай хууль, тогтоомж, зааврыг хэрэгжүүлэх;
    Архивын сан хөмрөгийн тоо бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Архиваас Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах;
  • Архивын үйл ажиллагаанд сүүлийн үеийн ололттой технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, үйлчилгээг нэвтрүүлэх.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨВ АРХИВЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

ТYYХЭН ЗАМНАЛ

Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оны Ардын хувьсгал ялсан үеэс өнөөг хүртэлх Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдлоор нь зохих зааврын дагуу эмхлэн цэгцлэж данс бүртгэлд оруулан сэлбэн засах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийж баримт материалыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гарган өгөх ажлыг эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.
1921 оны 3-р сараас 1930-аад оны сүүл хүртэл Цэргийн Яам, Цэргийн штаб, Улс төрийн газраас гаргаж байсан тушаал, захирамж бусад баримт бичгүүдийг Цэргийн Яамны ерөнхий хэлтэст хүлээн авч данслах, тараах, хадгалах ажлуудыг эрхэлж байв. Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогчоос 1939 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Цэргийн Яам ба Улс төрийн газрын бүх хуучин оны бичиг хэргийг эмхлэн цэгцлэх ба архивыг байгуулах тухай“ 40 дугаар тушаалыг гаргаснаар Цэргийн архив байгуулагджээ. Үүнтэй уялдан 1939 оны 10-р сарын 20-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин Штабын даргын “Хэлтэс газруудын өнгөрсөн онуудын хуучин хэргүүдийг эмхлэн цэгцлэх тухай” 18 дугаар тушаал гарч баримт бичгүүдийг цэгцлэж эхэлсэн.
Түүхэн хөгжлийн явцад Монгол Ардын Хувьсгалт Цэргийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж, төрөл мэргэжлийн цэргийн ангиуд бий болж баримт материал их хэмжээгээр хуримтлагдсан тул Цэргийн Явдлын Яамны сайд Бүх Зэвсэгт Хүчний Жанжны орлогчийн 1947 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0221 дугаар тушаалаар Жанжин штабын шифр нууцын хэлтсийн архив ба нууц бичиг хэргийн тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд уг тушаалд Цэргийн Яамны газар хэлтсүүд нь бүх хуучин оны хэргүүдийг нэгд нэгэнгүй шалган үзэж түүхэнд холбогдох хэргүүдийг ялган авч он оноор нь болгон төрөл төрлөөр нь хавтаслаж товъёоглон архивт шилжүүлсүгэй, бусад үл хэрэглэгдэх хэргүүдийг акт тогтоон Жанжин Штабын даргаар батлуулан устгасугай” гэж заасан нь тухайн үед архивын баримт бичгийг цэгцлэх, түүний хадгалалт хамгаалалтыг сайжруулахад удирдлагын чухал баримт бичиг болсон юм.
1956 онд Улсыг Батлан Хамгаалах Яам, Дотоод Явдлын Яамыг татан буулгаж БНМАУ-ын /хуучнаар/ Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамыг байгуулан, хоёр яамны архивыг нийлүүлэхэд Ардын Цэргийн архивыг хариуцсан төлөөлөгчийг томилон ажиллуулж байжээ.
1950-иад оны сүүлчээр улс орны хэмжээнд архивын үйл ажиллагаа баримтын эмх цэгц, хадгалалт, хамгаалалт ашиглалтыг сайжруулах талаар төр засгаас тодорхой арга хэмжээ авсны дагуу Цэргийн архив нь 1959 онд БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамыг /хуучнаар/ байгуулахад орон тооны долоон нэгжтэйгээр архивын баримтыг цэгцлэх, баримтуудыг төрөлжүүлэн фондлох ажлыг хийж эхэлсэн байна.
Цэргийн архив зориулалтын байргүйн улмаас баримт бичгийн хөдгалалт, хамгаалалтанд ноцтой зөрчил гарч баримтын чанар, чансаа муудаж байгааг анхааран үзэж, 1975 онд “Цэргийн архивын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын /хуучнаар/ Батлан хамгаалах яамны сайдын 326 дугаар тушаалаар Цэргийн архивыг зохион байгуулалтын талаар өргөжүүлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангах, архивын зориулалтын байр бариулах зэрэг нилээд дорвитой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
1980-аад оны эхэн үеэс Монголын Ардын Армийн Төв архив нь дээд, дунд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж, 1988 онд зориулалтын шинэ байранд орсон нь архивын баримтыг зохих зааврын дагуу цэгцлэх, сэлбэн засах, ялангуяа хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөл бүрдсэн болно.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан тус архив нь 1939 оны 5 сараас Цэргийн яамны, 1947 оны 8 сараас Жанжин штабын, 1956 оны 5 сараас Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх яамны, 1959 оны 6 сараас Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх яамны, 1968 оны 3 сараас Батлан Хамгаалах яамны, 2000 оны 10 сараас Зэвсэгт хүчний Ерөнхий штабын болон Зэвсэгт хүчний Жанжин штабын, 2006 оноос Батлан хамгаалах яамны харъяанд:

1939 оноос Цэргийн Яам, Улс Төрийн газрын Архив;
1947 оноос Цэргийн яамны Архив ба нууц бичиг хэргийн тасаг;
1957 оноос Цэргийн Архив;
1962 оноос Зэвсэгт Хүчний Улсын Тусгай архив;
1984 оноос Монголын Ардын Армийн Төв Архив;
1991 оноос Монголын Ардын Цэргийн Төв Архив;
1993 оноос Зэвсэгт Хүчний Төв Архив;
2006 оны 12 дугаар сараас Батлан хамгаалахын Төв архив нэртэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Архивын баримтын онцлог нь:

Монголын ард түмэн, түүний Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын өөрийн эх орноо батлан хамгаалсан үйл ажиллагаа, түүхэн замналыг цаг үе, үйл явдлаар нь харуулж байгаад оршино.

Баримтын тухайд товч дурдвал:

- 1921 оны Ардын хувьсгалын үйл явцтай холбогдох баримтууд; - Ардын журамт 1921-1922 онуудад цэргээс гадаадын цэргийн эсрэг явуулсан ажиллагаанууд;
- 1930-1932 оны эсэргүү бослого;
- 1939 оны Халхын голын дайн;
- 1945 оны Чөлөөлөх дайн;
- 1940-1948 оны Баруун хязгаарт болсон хилийн тулгаралтанд холбогдох болон 1921-1990 он хүртэлх Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн хөгжлийг харуулсан баримтууд хадгалагдаж, цэргийн түүхийн судалгааны гол хэрэглэгдэхүүн болж байдаг.
Батлан хамгаалахын Төв архив нь “Архивын тухай” Монгол Улсын хуулийн 20.7-д зааснаар төрөлжсөн архивын зэрэглэлтэй, төрийн архивын статустай.
Үндсэний архивын газрын даргын 2005 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаар тушаалаар “Төрийн архив”-ын батламж, 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Төрөлжсөн архив”-ын 002 тоот гэрчилгээг тус тус авсан.
Архив нь зориулалтын 3 давхар барилгыг эзэмшиж, сан хөмрөгийн тасалгаанууд, уншлагын танхим, сэлбэн засах өрөө, лавлагааны өрөө, эрүүл мэнд-чийрэгжилтийн өрөө, албаны болон бусад өрөөнүүдээс бүрддэг.
Архив нь офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Байнгын бүрэлдэхүүнээс:
- офицер ахлагч нарын 71.4 хувь нь дээд сургууль, коллеж төгссөн, 83.7 хувь нь улс төр судлаач, эрх зүйч, архив-бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, боловсролын магистр – 1, бакалавр - 3;
- ажилчин албан хаагчдын 78.5 хувь нь дээд, тусгай мэргэжлийн сургууль төгссөн, 50.7 хувь нь түүх-архивч, бичиг хэргийн ажилтан, нягтлан бодогч мэргэжилтэй, боловсролын магистр-1, бакалавр-6, архивын ахлах зэрэгтэй -4.
Батлан хамгаалахын Төв архивын төрөлжсөн хадгаламжийн 5 санд хөмрөг үүсгэгч 181 анги, байгууллагын хадгаламжийн нэгж /боть материал/ ном, сонин сэтгүүл, гэрэл зургийн негатив, позитив, гэрэл зураг, хадгалагдан ашиглагдаж байдаг. Хөмрөг үүсгэгч байгууллагуудаас жилд дунджаар байнга хадгалах 2000-2500 гаруй хадгаламжийн нэгжийг /боть материал/ хүлээн авч сан хөмрөгөө баяжуулдаг.
Архив нь Монгол Улсын Батлан Хамгаалах Яам түүний харъяа агентлагууд, анги, байгууллагуудын архивын баримтын данс бүртгэл, хадгалалт, хамгаалалтанд үзлэг явуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хөмрөг үүсгэгч байгууллагуудаас байнга хадгалах баримтуудыг шилжүүлэн авч данс бүртгэлд оруулах, хөмрөгтөө хадгалагдаж буй баримтуудын шаардлагатайг сэлбэн засах, сэргээн сайжруулах, эрдэм шинжилгээ судалгаанд ашиглах, албан байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, архивын лавлагаа, тодорхойлолтыг өгөх, баримтын үзэсгэлэн гаргах, хэвлэн нийтлэх, өөрийн орны болон Оросын Холбооны Улсын ижил төрлийн цэргийн архивуудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

АЖИЛ YЙЛЧИЛГЭЭ

Жилд дунджаар байгууллага, иргэдээс 500 гаруй өргөдөл, 3500 орчим хүнийг биечлэн хүлээн авч эрэлт хүсэлтийг барагдуулж, лавлагаа, тодорхойлолт гаргадаг.
Уншлагын танхимаар судлаачид, хувь хүнд 2600 орчим хадгаламжийн нэгжийг судлуулдаг. Архивчид жилд 2000 гаруй хадгаламжийн нэгжийг дахин боловсруулалтанд оруулан эмхлэн цэгцлэж, дунджаар 3800 гаруй хуудсны гэмтлийг тодорхойлон сэлбэн засдаг.
Хөмрөг үүсгэгч анги, байгууллагуудаас жилд 2000-2500 хадгаламжийн нэгжийг хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийдэг.
Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн эрхлэгчид хадгаламжийн сангийн баримтуудад эрдэм шинжилгээний судалгааг хийх, баримтыг тодорхойлон тойм бичих, жилд дунджаар 50 орчим дайн байлдаанд оролцсон, улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн зэрэг хүмүүстэй холбоотой эрэлт хүсэлтийг хүлээн авч барагдуулдаг.
Жижүүрүүд жилд дунджаар 3000-3500 хүнийг хүлээн авч бүртгэж үйлчилдэг.

Хаяг: Улаанбаатар хот
       Баянзүрх дүүрэг
       Л.Дандарын гудамж
       Батлан хамгаалахын төв архив
Утас: 451249