СЭЛЭНГЭ-2020 БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

49

 

Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Сэлэнгэ” сургууль нь 2011 оноос эхлэн хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн. Харин энэ жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, Монгол Улсын Онцгой комиссын өгсөн шийдвэр, зөвлөмжийн дагуу анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Монгол Улсын хувьд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагчид Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургалтын бааз, зэвсэглэл, цэргийн техникийг түшиглэн Төв аймгийн нутагт зохион байгуулж байгаа бол ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчид Буриад Улсын нутаг дэвсгэр “Бурдун”-ы палигонд хамтарсан сургуулиа нэгэн зэрэг эхлүүллээ. Өнгөрсөн жил тус сургууль нь “Улсын хил орчмын бүсэд хөрш орны Зэвсэгт хүчний салбаруудтай хамтарч хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж байсан бол энэ жил “Терроризмийн эсрэг операцийн үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүсчлэн хааж устгах” сэдвийн дор явагдаж байна.

Манай улсын талаас Сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, штабын даргаар Хуурай замын цэргийн командлалын төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар нар ажиллаж байна. “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 05-ны өдөр болсон бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Тэрээр тус сургуулийг нээж хэлсэн үгэндээ “Мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай, баялаг түүхтэй бөгөөд сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа даяаршлын энэ эрин зуунд ч шинэ утга агуулгаар баяжин, улам бүр гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон дурдах учиртай. Хэдий энэ жил орос нөхөдтэйгөө харилцан суралцах, туршлага солилцдог уламжлалт тактикийн хээрийн сургууль цар тахлын улмаас хумигдсан ч гэсэн дайчин нөхөрлөлийн замналаар өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд хүрсэн бэ гэдгийг илтгэнэ. Хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэв.

“Соёмбо” сонин Дэд ахлагч Т.ИДЭР